Умардын дүрвэгчдийг Өмнөд Солонгост ямар амьдрал хүлээдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

Умардын дүрвэгчдийг Өмнөд Солонгост ямар амьдрал хүлээдэг вэ?

Умардын дүрвэгчдийг Өмнөд Солонгост ямар амьдрал хүлээдэг вэ?

Жил бүр хэдэн зуун хүн Умард Солонгосоос Өмнөд Солонгост дүрвэдэг. Тэд ихэвчлэн Хятадаар дамжин Өмнөд Солонгост очих замыг сонгодог аж. Учир нь хоёр Солонгосын хил маш өндөр хамгаалалттай тул баригдалгүйгээр хил зөрчинө гэдэг нь бараг боломжгүй зүйл. Сүүлийн 20 жилийн хугацаанд гэхэд нийт 30 мянга гаруй хүн Умард Солонгосоос дүрвэн гарчээ. Тэдний дунд Хятадаар дамжилгүйгээр хоёр Солонгосын хилийн өндөр хамгаалалттай хэсгийн 3м өндөр хашааг хөндөлгүй харайн дүрвэж чадсан гимнастикч хүртэл байв. Гэвч энэ тооны цаана хэчнээн хүний дүрвэх оролдлого бүтэлгүйтэж, хүндээр шийтгүүлснийг  хэн ч мэдэхгүй.

Анх 31 насандаа Өмнөд Солонгост дүрвэж очсон Ким Жи Ён хүнд бэрх зам туулсны эцэст “мөрөөдөл биелэх шиг болсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байжээ. Тэрбээр 2013 оны гуравдугаар сард ээж, гурван нагацынхаа хамт Өмнөд Солонгост очсон аж. Гэвч түүний амьдрал тун удалгүй маш хэцүү сорилтуудтай нүүр тулж эхэлжээ.

Өдөр бүр тэдэнд шинэ шинэ сорилтууд тулгарах бөгөөд таньдаг хүн байхгүй нь багагүй хүндрэл учруулдаг байв. Ким Жи Ёны хэлснээр хоёр Солонгосын хооронд соёлын маш их ялгаа байсан тул бүх зүйлийг эхнээс нь сурах шаардлагатай болсон аж.

Дүрвэгчид маш хаалттай улсаас дөнгөж гарч ирсэн тул зарим өндөр технологийг хэрхэн ашиглахыг эхнээс нь сурах, ардчилсан нийгмийг ойлгох, тухайлбал, банкны картыг хэрхэн хэрэглэхээс эхлээд төлөөллийн Засгийн газар яаж ажилладаг зарчим хүртэл бүх зүйлийг эхнээс нь ойлгох хэрэг гардаг аж.

ДҮРВЭГЧДИЙГ ХЭРХЭН УГТДАГ ВЭ?

Умард Солонгосоос очсон ямар ч дүрвэгч хамгийн түрүүнд мөрдөн байцаалтад орж, түүнчлэн тагнуулын албанд хэд хэдэн удаа мэдүүлэг өгдөг гэнэ.

“Түүний дараа дүрвэгчдийг Өмнөд Солонгосын Засгийн газраас зохион байгуулдаг сургалтанд суулган Ханавон хүрээлэнд хүргэж, гурван сарын турш шаардлагатай зүйлсийг заадаг. Тэр гурван сарын хугацаанд дүрвэгчид хэрхэн бэлэн мөнгөний машин ашиглах, нийтийн тээврээр хэрхэн үйлчлүүлэх, хэрхэн ажилд орох гэх мэтээр Өмнөд Солонгосын нийгмийн талаар анхан шатны мэдлэг олж авдаг” хэмээн дүрвэгчдийн асуудал хариуцдаг ахлах ажилтан Сокил Пак ярьжээ.

Түүнчлэн сургалтаа дуусган Ханавон хүрээлэнгээс гарсан дүрвэгчдэд гар утас, банкны карт бэлдэж өгөөд, оршин суух орон нутагтай нь танилцуулдаг төвүүд олон бий. Дүрвэгчид Ханавон хүрээлэнгээс гараад зааж өгсөн хөлсний байранд ордог аж.

Ким Жи Ёны хувьд хүрээлэнгээс түүнд гоймон, будаа, тос зэрэг хайрцагтай хүнсний бүтээгдэхүүн өгсөн нь эхний хэд хоногийг давахад тусалсан аж. Тийнхүү шинэ хөлсний байранд ормогц тухайн нутгийн төлөөлөгч, эсвэл өмнө нь ирж суурьшсан дүрвэгч гэрт нь ирж туслан, цэвэрлэгээ хийж өгдөг байна. Тэр цагаас эхлээд дүрвэгчид өөрсдийнхөөрөө амьдарч эхэлдэг гэнэ.

ХЭН ТЭДНИЙГ ХАРЖ ХАНДДАГ ВЭ?

Өмнөд Солонгост суурьшиж буй дүрвэгчдийг тухайн орон нутгийнх нь тодорхой нэг цагдаагийн офицер хянадаг аж. Офицерууд хариуцаж авсан дүрвэгчийнхээ гэрт тогтмол очиж шалгадаг бөгөөд хэрэгцээтэй тусламж үзүүлдэг гэнэ. Пакийн хэлснээр офицерууд ихэвчлэн найрсаг зантайгаас гадна дүрвэгчдийн аав байхаар насны хүмүүс байдаг тул тэд ихэвчлэн найзууд болдог аж.

Мөн Эв нэгдлийн яамны мэдээлснээр дүрвэгчдэд ам бүлээс нь хамаарч 6000-32400 ам.доллартай тэнцэх нэг удаагийн мөнгөн тусламж, 13300-19100 ам.доллартай тэнцэх түрээсийн байрны мөнгө, дунд, их сургуульд үнэгүй сурах эрх олгодог байна.

Түүнээс гадна дүрвэгчдэд зориулсан сэтгэл засах үйлчилгээ байдаг ч тус салбарт сайжруулалт, шинэчлэл шаардлагатай болжээ. Энэ талаар асуудал 2019 онд ноцтой сөхөгдөж олны анхаарлыг татсан юм. Учир нь дүрвэгч Хан Сон Ог хүүтэйгээ хамт түрээсийн байрандаа өлбөрч нас барсан байжээ. Хөршүүдийнх нь мэдээлснээр тэд маш их сэтгэл гутралтай байснаас гадагшаа гардаггүй байжээ.

Ихэнх дүрвэгчид сэтгэлийн маш их айдас, түгшүүртэй байдаг бөгөөд хэрхэн тусламж хүсэх, хаана хандахаа төдийлөн мэддэггүй гэнэ. Судалгаанаас үзэхэд Өмнөд Солонгост очсон дүрвэгчдийн 15 орчим хувь нь амиа егүүтгэх талаар бодож үздэг гэнэ. Харьцуулж үзвэл Өмнөд Солонгосын нийт иргэдийн 5 хувь нь ижил бодолтой байдаг аж.

“Дүрвэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихийн тулд нийгэмд тодорхой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Дүрвэгчдэд бусдаас тусламж хүсч болно гэдгийг ойлгуулж, мэдрүүлэх хэрэгтэй” хэмээн Пак ярьжээ.

ЯМАР АЖИЛ ЭРХЭЛДЭГ ВЭ?

Өмнөдөд дүрвэж очоод, тэндээ ажил олж хийнэ гэдэг амаргүй зүйл аж. Ким Жи Ён “Хоёр Солонгосын боловсролын тогтолцоо, олгодог мэдлэг маш их зөрүүтэй. Тиймээс Өмнөд Солонгост дүрвэгчдийн хийж чадах ажил их цөөхөн байдаг. Түүнээс гадна Умард Солонгосчууд цагийн ажил гэдэг ойлголт мэдэхгүй бөгөөд өөрсдөө ажил хайж, олж хийх гэдэг ойлголт байдаггүй. Тиймээс дүрвэгчид ажлын ярилцлага хэрхэн өгөхийг мэддэггүйгээсээ болж ажилд ороход маш их бэрхшээлтэй байдаг” хэмээн ярьжээ.

Дээрх шалтгаануудаас болж дүрвэгч эмэгтэйчүүд залуухан бол хоолны газрын зөөгч, хөгшин нь гал тогооны туслах, эрчүүд нь захиалгын бараа ангилах, барилга, үйлдвэрт туслах зэрэг ажил олддог гэнэ.

Засгийн газрын зүгээс дүрвэгчдийг илүү чадварлаг, туршлагатай болохын тулд ажилдаа аль болох олон цаг зарцуулахыг, ажил олгогчдрд дүрвэгчдийн ажиллах боломжийг сайн хангаж өгөхийг зөвлөдөг байна. Түүнчлэн дүрвэгчид боловсролдоо анхаарахыг хүсвэл хүссэн их сургуульдаа үнэгүй сурах боломжтой бөгөөд 35 наснаас доош хүмүүс үргэлжлүүлэн магистрт үнэгүй сурах эрхтэй байдаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж