Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 10

Наймдугаар сарын 10-ны тэмдэглэлт өдөр

ЭКВАДОРЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР

Өнөөдөр Эквадорт 1809 онд Ис­па­нийн колончлогчдоос тусгаар тог­­тнолоо авсан  өдрийн (Independence Day in Ecuador) ойг тэмдэглэж бай­на. Латин Америкийн хувьд XIX­ үндэсний чөлөөлөх дайн ба хувьсгалаар дүүрэн эхлэлтэй байжээ. Хувьсгалын эхлэлийг нь Эквадорын нийслэл Кито (Quito) хотноо 1809 оны наймдугаар сард гарсан бослого эхлүүлсэн юм. Үр дүнд нь Эквадор тусгаар тогтносон бөгөөд 1810 оны аравдугаар сард бас нэг хувьсгал гарч байв. 1822 онд Колумбийн арми испаничуудыг ялсны дараа Үндэсний хөдөлгөөн бүрэн ялжээ. Эквадорын хяналт Симон Боливарын гарт орсон байлаа. Зургадугаар сарын 24-нд Эквадор бас нэг баяр чөлөөлөгч Симон Боливарынхаа өдрийг тэмдэглэсэн юм.

Үйл явдал

ИЕРУСАЛИМЫН ХОЁР ДАХЬ ДУГАНЫГ НУРААВ

70 он: Христийн төрсний 70 онд эзэн хаан Титийн арми Иерусалимд цөмрөн орж Ертөнцийн эзний сүмийг нураасан бөгөөд дацан арван өдрийн турш шатаж балгас болжээ. Ромчууд хийдийн толгодыг газартай тэгшилсэн байлаа. Иосиф Флавиягийн гэрчилснээр хотын 100 мянган иргэн олзлогдон боол болж зарагдсан байна. Энэ дайны үеэр өлсгөлөн ба байлдаан болон олзны улмаас нийт нэг сая 100 мянган хүн үхэж үрэгджээ. Иерусалимыг сүйтгэн нурааж тоносон болон хийд шатсаны улмаас еврейчүүдийн дэлхийгээр тарах их нүүдэл эхэлсэн билээ. Үүнээс 66 жилийн дараа Ромын эзэн хаан Адриан Иерусалимын балгас дээр Юпитерийн сүмийг бариулж өөрийн хөшөөг босгуулсан байлаа. Еврейчүүдийн уг сүмийг сэргээх гэсэн оролдлого цаашид улам бүтэлгүйтсэн юм. Эзэн хаан Юлиан шинэ сүм барихыг 362 онд зөвшөөрсөн ч газар хөдлөлт ба гал түймэр барилгачдын ажил үйлсийг талаар болгож байлаа. Талмутын уламжлалаар сүмийг шатаан нурааснаас хойш Тэнгэрийн бүх хаалга хаалга хаагдаж, зөвхөн Нулимсны хаалга л  онгорхой үлдсэн гэдэг. Иерусалимын хоёр дахь сүмээс үлдсэн баруун хана нь Уйлалдааны хана нэртэйгээр үлджээ. Өөрийн сүмийн гашуудлын нулимсаа еврейчүүд тэнд асгаруулдаг учраас хана тийм нэр авчээ.

МАДАГАСКАРЫН АРАЛ НЭЭГДЭВ

1500 он: Португалийн далайчин Диегу Диашын хөлөг онгоц 1500 оны тавдугаар сард Кабралын цуваанд орон Энэтхэгийн зүг явж байгаад далайн шуурганд тааралдан зүгээ алдан Өмнөд Африкийг тойрч яваад нэгэн аралтай тааралдсан байна. Далайчин түүнийг Африкийн эрэг гэж бодоод хойш хөвөн Мозамбикийн боомтыг олохоор оролджээ. Диаш хойш яваад боомтыг олоогүй ба тэр арлыг эх газрын эрэг гэж хүлээн авснаа ойлгон буцаж ирсэн гэдэг. Тэндээс ундааны ус аваад Диаш хойш хөвөн Адены булан хүртэл явжээ. Тэр эцэст нь алдаагаа ойлгосон бөгөөд гурван сарын дараа тэрээр Ногоон хошууны ойролцоо буцаж явсан Кабралын хөлөг онгоцуудтай тааралдан буцаж ирсэн байна. Диаш  Гибралтарын хоолойгоос Адены буланг хүртэл тойрсон анхны европ хүн болжээ. Европт Диашийн авчирсан Мадагаскарын тухай мэдээллийг Италийн газрын зураг бүтээгч Альберто Кантино ашигласан бөгөөд түүний 1502 онд гаргасан зураг дээл 596 мянган кв/км нутагтай дэлхийн томоохон арлуудын нэгийн тухай нэлээд тодорхой дүрсэлсэн байлаа.

ПАРИСТ АРД ТҮМНИЙ БОСЛОГО ГАРЛАА

1792 он:
Парис хотноо ард түмний бослого гарлаа. Францын хаант засгийг унагах шаардлагад нийслэл ба мужуудын ард олны доод давхарга улам бүр татагдан нэгдэж байв.

“1792 оны наймдугаар сарын 10-ны бослого” Ж. Дюплесси-Бертогийн зурсан зураг. 1793 он

Түрэмгийлэгчдийн ар­мийн ерөнхий командлагч герцог Брауншвейгийн  тун­хаглал наймдугаар са­рын 3-нд нийтлэгдэж “Авст­ри, Пруссийн арми Францын анархийг таслан зогсоож хааны хууль ёсны эрхийг сэргээнэ” гэсэн байлаа. Хаантанд гар хүрвэл Парисийг цэргийн цээрлэлээр шийтгэнэ гэсэн үнэр тэндээс ханхалж байв. Тэр тунхаг ард түмний эсэргүүцлийг хурдасгасан юм. Парисийн 47 ба 49 секци (районы захиргаа) Хууль тогтоох чуулганаас XVI Людовикийг буулгахыг шаардлаа. Наймдугаар сарын 5-наас Парисийн секциуд өөрсдийгөө Парисийн коммуна гэж зарлан зэвсэгт бослогод нээлттэйгээр бэлтгэж эхэлсэн байв. Наймдугаар сарын 10-нд орон нутгаас ирсэн отрядуудын дэмжлэгтэйгээр Парисийн доод анги самуун дэгдээлээ. Босогчид хааны ордны зүг ирцгээсэн ба хаан, хатан хаан хоёр Хууль тогтоох чуулганы байранд нуугдан бүгсэн байлаа. Хааны ордны дэргэд байлдаан эхлэн бараг 500 орчим хүн алагдсан ба хамгаалагчид нь бууж өгсөн байлаа. Францад 1000 жил оршин тогтсон хаанчлал уналаа. 

Бослогын ялалтын дараа засгийн эрх Парисийн хувьсгалт коммуны гарт ирэв. Хууль тогтоогчид хааныг  засгийн эрхээс холдуулсан шийдвэр гаргасан боловч коммунын шаардлагаар хаан ба тэдний гэр бүлийг баривчилсан байна. Мөн Үндэсний Конвентыг зарлаад түүний сонгуульд 21 нас хүрсэн эрэгтэйчүүдийг оролцуулахаар тунхаг гаргажээ. Хэсэг хугацааны дараа Францад бүх нийтийг хамаарсан харгислал эхэлсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж