Энэ сарын 1-нд Мьянмарт төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Вин Минт, эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи тэргүүтэй улстөрчдийг цэргийнхэн баривчилсан юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чигийн нам луйвраар ялсан хэмээн мэдэгдээд, бүх эрх мэдэл Мьянмарын цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаингийн гарт шилжиж байгааг зарласан билээ. Ийнхүү тус улс дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа ба Мьянмарын ард иргэд болон олон улсын байгууллагууд цэргийн дэглэмийг эсэргүүцэн, ардчиллыг дахин сэргээхийг шаардсаар байна.
Бүх насаараа армид алба хаасан, улс төрийн хувьд ч багагүй туршлагатай Мин Аун Хлаиныг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.
“Мьянмарын түүх бол Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний түүх бол Мьянмарын түүх”
Тэрбээр 1956 оны долдугаар сарын 3-нд одоогийн Давей, тухайн үеийн Тавой хотноо мэндэлжээ. Эцэг нь тус улсын Барилга хот байгуулалтын яаманд хот төлөвлөлтийн инженерийн ажил эрхэлдэг байжээ. 1973-1974 онд Янгоны их сургуулийн хуулийн факультетид суралцаж байгаад 1974 онд Батлан хамгаалах албаны академид элсэн орсоноор тэр амьдралаа цэрэг, армитай холбосон байна. Хувийн амьдралынх нь талаар мэдээлэл хомс тэрбээр эхнэр, гурван хүүхэдтэй. Эхнэр нь насаараа багшилсан Кю Кю Хла хэмээх эмэгтэй байдаг аж.
Ингээд явган цэргийн ангиас карьераа эхэлж, албан тушаал, цол ахисаар 2009 онд тэрбээр Тусгай ажиллагааны II товчооны тэргүүн болсон. Энэ албыг хашиж байхдаа тэрбээр Мьянмарын зүүн хойд нутагт явуулсан тусгай ажиллагааг удирдсан. Уг ажиллагааны улмаас үндэсний цөөнх болох олон арван мянган хүн Хятадтай залгаа хилийн ойролцоох Шан муж, Кокан бүс нутгаас дүрвэхээс аргагүйд хүрчээ.
Түүний удирдсан цэргүүд аллага, хүчирхийлэл үйлдэж, хүмүүсийн орон гэрийг галдан шатаасан гэж буруутгаж байсан боловч Мин Аун Хлаин-ыг 2010 оны наймдугаар сард Зэвсэгт хүчний Нэгдсэн штабын даргаар томилжээ. Улмаар жил хүрэхгүй хугацааны дараа өөрөөсөө цолоор илүү генералуудаас урьтан арми дахь хамгийн өндөр албан тушаал болох зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг хаших болжээ.
АУН САН СУ ЧИГИЙН СҮҮДЭРТ ДАРАГДАЖ, ОЛОН УЛСЫН ХОРИГТ ОРОВ
Тус улсад 50 жил үргэлжилсэн цэргийн засаглал дуусгавар болж, ардчилал эхэлсэн 2011 онд Мин Аун Хлаин армийг удирдаж эхэлсэн бөгөөд нэр хүнд нь ард олны дунд өссөөр байв. Нобелийн энхтайвны шагналт, ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам 2016 онд засгийн эрхэнд гарснаар Мин Аун Хлаины нөлөөлөл бүдгэрэх болжээ. Тэр нөхцөл байдалтай эвлэрч, ардчиллынхантай гар барихаас өөр аргагүйд хүрсэн байна.
Мьянмарын үндсэн хуулийн дагуу армид парламентын суудлын дөрөвний нэгийг хуваарилдаг бөгөөд Дотоод яам, Батлан хамгаалах зэрэг гол яамдууд цэргийнхний мэдэлд байдаг юм. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлогод цэргийн хүчин хориг тавих эрхтэй байдаг. Харин Аун Сан Су Чи Үндсэн хуулийг өөрчлөх, цэргийнхний эрх мэдлийг хязгаарлах оролдлогыг удаа дараа хийж байв. Ингээд 2016 – 2017 онд цэргийнхэн Ракхайн мужийн рохинжа ястнуудын эсрэг бодлогоо чангатгах болсон тул тэдний олонх нь Бангладеш руу дүрвэж эхэлсэн. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2018 оны наймдугаар сард генерал Мин Аун Хлаин тэргүүтэй цэргийн эрхтнүүдийг мөрдөж, хариуцлага тооцохыг уриалж байв. Үүний дараа “Facebook” компани генералын хаягийг устган, АНУ, Их Британи түүний эсрэг хориг тавьсан билээ.
ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭН НЬ
Ийнхүү цэргийнхэн болон ардчиллыг баримтлагчдын хоорондын зөрчил аажим аажмаар нэмэгдсээр 2020 оны арваннэгдүгээр сард парламентын сонгуульд Аун Сан Су Чигийн нам ялал байгуулсан ч цэргийнхний дэмждэг “Эв санаа, хөгжлийн холбоо” нам сонгуулийг будлиантай болсон хэмээгээд төрийн эргэлт хийх санааг цухалзуулж эхэлжээ. Генерал Мин Аун Хлаинг сонгуулиас хоёр сар гаруйн дараа зорилгоо биелүүлж, өрсөлдөгчдөө баривчлан хорьж, өөрөө төрийн эрхэнд гараад байгаа юм. Өдгөө 65 настай Мин генерал энэ жил зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалаас огцрох ёстой боловч үүссэн нөхцөл байдлыг ажвал, дахиад нэг жил засгийн эрхийг барих боломжтой болж байна. Мьянмарт бүр мөсөн цэргийн дэглэм тогтсон тохиолдолд тэр илүү урт хугацаанд улс орноо захирч магадгүй байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ