“Кино театрууд 25 хувийн дүүргэлттэй гэвэл үүдээ нээхгүй”

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

“Кино театрууд 25 хувийн дүүргэлттэй гэвэл үүдээ нээхгүй”

“Кино театрууд 25 хувийн дүүргэлттэй гэвэл үүдээ нээхгүй”

Цар тахлын улмаас олон сар “хаалгаа барьсан” бизнесийн салбарын нэг бол кино театр. Учир нь, тэнд хүн олноор цугларч, халдвар тархах өндөр эрсдэлтэй. Тиймээс зарим дэлгэцийн бүтээлүүд онлайнаар нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж байна.

Гэсэн хэдий ч кино театрын дэлгэцнээ нээлтээ хийхээр хүлээж буй 40 орчим монгол кино байгаа ажээ. Ингээд хатуу хөл хорионы дараа кино театрууд 25 хувийн суудлын хязгаарлалттайгаар ажиллахад бэлэн эсэхийг тодрууллаа.


Улаанбаатарт “Тэнгис”, “Хүннү”, “Соёмбо”, “Өргөө1, 2, 3”, “I cinema”, “CinemaNext”, “Prime Cineplex” зэрэг кино театрууд ажилладаг. Энэ салбарт нийтдээ 800 гаруй хүн ажиллаж байна.

Дээрх кино театруудад дунджаар жилд гурван сая орчим тасалбар борлуулдаг аж. Харин орлого нь сар сараар хэлбэлздэг бөгөөд гуравдугаар сард хамгийн ашиг орлого ихтэй байдаг гэнэ. Мөн ямар кино дэлгэцэд гарахаас шалтгаалж, ашиг орлого нь нэмэгддэг байна.

PRIME CINEPLEX КИНО ТЕАТРЫН ЗАХИРАЛ П.ГЯЛБАА:

-Кино театруудын хувьд өнгөрсөн гурван сарын хугацаанд огт  ажиллаагүй. Цар тахлын нөлөө хамгийн хүнд туссан бизнесийн салбарын нэг. Учир нь, кино театрын онцлог нь хүн цуглуулж, бөөгнөрөл үүсгэх гэх мэт ДЭМБ-ын зөвлөмжийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Азийн орнуудад кино театрууд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, суудлын хязгаарлалттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Хэрвээ кино театрууд 25 хувийн дүүргэлттэй ажиллах журам батлагдвал үүдээ нээхгүй. Учир нь, энэ хэмжээний орлогоор үйл ажиллагааны зардлаа ч нөхөхгүй, ажилчдын цалингаа ч тавьж чадахгүйд хүрнэ. Би тооцоолол хийж үзэхэд, хүн ихтэй байлаа ч үйл ажиллагааны зардлаа нөхөх ямар ч боломжгүй байна. Харин 50 хувьд амь зогоох байдлаар л ажиллана гэсэн үг” гэв.

"ГАДААД КИНОНЫ НИЙЛҮҮЛЭЛТ БАГАССАНЫГ АШИГЛАН АШИГ ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ"

“ТЭНГИС” КИНО ТЕАТРЫН МАРКЕТИНГИЙН АЛБАНЫ ДАРГА Б.ЗОРИГТ:

-Өнгөрсөн жил нэгдүгээр сард хөл хорио тогтоож, долдугаар сард нээсэн. Тэр үед дэлхийн жишгийн кино театруудыг судалж, кино театрын удирдлагууд хоорондоо саналаа солилцож, дотоод журмаа баталсан. Одоо Засгийн газраас баталсан журамд хэрхэн өөрчлөлт орохыг хэлж мэдэхгүй байна. Кино театруудын хувьд үйл ажиллагаагаа нээхэд бэлэн байгаа. Кино театрын давуу тал нь тодорхой тооны үзэгчдийг нэг цагт үйлчилсний дараагаар агааржуулалт оруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, үзэгчдээ хүлээн авах халдвар хамгааллын дэглэмийг бүрэн сахих боломжтой.

Дэлхийн жишигт кино театрууд 50 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа. Монголын нөхцөлд бодит байдал дээрээ кино театрын дүүргэлтийн хувь маш бага байдаг. Зөвхөн оргил цагуудад танхим дүүрдэг. Харин 25 хувийн дүүргэлттэй ажилласнаар нийт борлуулалтын орлогод хэрхэн нөлөөлөх талаар судалгаа тооцоог хийсэн. Үүндээ тааруулаад ажлын цагийн хуваарь, ажиллах хүч, ээлж, халдвар хамгаалалтаа хийх төлөвлөгөөг гаргасан. Өнгөрөгч 2019, 2020 онуудад хийсэн 40 гаруй монгол кино театрын дэлгэцнээ нээлтээ хийхээр хүлээж байгаа. Тиймээс монгол кино контентын хувьд ямар ч асуудал байхгүй. Нөгөө талаасаа гадаад киноны нийлүүлэлт багассан энэ үеийг монгол киночид ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гарч байна. Үүнийг өнгөрөгч 2020 оны найм, есдүгээр сард нээлтээ хийсэн киноны ашиг орлого баталсан.

“ШИНЭ КИНО ТЕАТР УЧРААС ИЛҮҮ САНХҮҮГИЙН ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД БАЙНА”    

CINEMANEXT КИНО ТЕАТРЫН ДЭД ЗАХИРАЛ Б.ХОНГОР:

-Манай кино театр 2020 оны есдүгээр сард нээлтээ хийсэн. Нээлтээ хийгээд удаагүй байтал арваннэгдүгээр сарын 11-нээс хөл хорио тогтоож, үйл ажиллагаагаа зогсоосон. Хэрвээ Засгийн газрын баталсан журмаар кино театрын үйл ажиллагаа 25 хувийн дүүргэлттэй ажиллана гэвэл нээхгүй. Харин 50 хувь байна гэвэл нээнэ. Гэхдээ ашиг харахгүйгээр ажилчдынхаа цалинг л арайхийн өгөх байх. Хэрвээ үйл ажиллагаагаа нээвэл хүн хоорондын зай барьж, хоёр суудал алгасаж суулгах, амны хаалт, гар ариутгагчийг тогтмол хэрэглэнэ.

Гэхдээ манай театрын хувьд 70 хүний суудалтай үзвэрийн танхимтай учраас 50 хувьд нь үзэгчтэй байна гэхээр 20, 30 хүн үйлчилнэ. Харин 400 хүний суудалтай кино театрын хувьд 50 хувь гэхээр 200 хүн үйлчилнэ. Манай кино театрын хувьд үйлчилгээний болон арын албаны 30 ажилтантай. Шинэ кино театр учраас илүү санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа. Мөн кино театрууд ажиллаж эхэллээ гэхэд контент нийлүүлэгчид маань киногоо нийлүүлэх эсэх асуудал гарч ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
20
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж