НЭМЭЛТ:
Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооны шинэ ерөнхийлөгч тодорчээ. Тодруулбал, Японы Олимпийн сайд Сэйко Хашимото өнөөдөр/2021.02.18/ Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзан зохион байгуулах хорооны шинэ ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авч, сайдын суудлаасаа татгалзжээ.
Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр/2021.02.18/ явагдаж, өдгөө 56 настай Сэйко Хашимотог дуу нэгтэй дэмжсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Сэйко Хашимотогийн үлдээсэн Олимпийн сайдын суудалд Тамаёо Марүкава томилогдох аж.
Токио-2020 зуны XXXII Олимпийн наадам нээлтээ хийхэд 150 гаруй хоног үлдлээ. Гэвч харамсалтай нь, одоог хүртэл тус наадмыг зохион байгуулах хорооны шинэ ерөнхийлөгч тодроогүй хэвээр байна. Өмнөх ерөнхийлөгч нь болох Ёширо Мори өнгөрөгч Баасан гаригт ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа зарласан. Тэгвэл одоо хэн түүний үлдээсэн ажлыг үргэлжлүүлж, Токиогийн олимпийг амжилттай зохион байгуулах вэ гэдэг асуулт гарч ирлээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны шинэ ерөнхийлөгчид дараах хүмүүсийн нэрс яригдаж байгаа аж.
Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны шинэ ерөнхийлөгчийг сонгох гурав дахь удаагийн хуралдаан өнөөдөр/2021.02.18/ явагдана.
- Ясүхиро Ямашита
Японы олимпийн хорооны ерөнхийлөгч, 1984 оны Лос Анжелесийн олимпийн алтан медальт, жүдо бөхийн нэрт тамирчин Ясүхиро Ямашита спортын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Албаны хүмүүсийн хэлснээр Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны шинэ ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн эсвэл улс төртэй ойр хүн сонгогдох магадлал ихтэй байгаа сурагтай. Тэгвэл өдгөө 63 настай Ясүхиро Ямашита Японы олимпийн хороог чамгүй хугацаанд амжилттай удирдаж, улс төрийн холбоо сүлбээ сайтай болсон гэнэ. Ийм учраас түүнийг Ёширо Моригийн халааг авах хамгийн өндөр магадлалтай хүн гэж үзэж байна.
- Сэйко Хашимото
Сэйко Хашимото нь Японы парламентын дээд танхимын гишүүн бөгөөд Токио-2020 Олимп болон Паралимпийн наадмыг хариуцсан сайдаар ажилладаг. Тэрбээр улс төрд орохоосоо өмнө дөрвөн өвлийн Олимпийн наадамд тэшүүрийн төрлөөр, гурван зуны Олимпийн наадамд дугуйн төрлөөр тус тус оролцож байжээ. Сэйко Хашимото нийтдээ өвөл, зуны долоон Олимпийн наадамд оролцохдоо 1992 оны Альбервилийн өвлийн XVI олимпийн наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд ганц хүрэл медаль хүртсэн гэнэ. Тамирчны замналдаа цэг тавьсан тэрбээр 1995 онд улс төрд хөл тавьж, парламентын дээд танхимын гишүүн болж байв.
Сүүлд гарсан мэдээллээр Сэйко Хашимото албан ёсоор Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн гэв. Хэрвээ тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдвол парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, олимпийн сайдын албан тушаалаа хүлээлгэн өгнө.
- Абэ Шинзо
Ёширо Мори өөрийн залгамжлагчаар Япон улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзог болоосой гэж хүсч буйгаа илэрхийлжээ. Абэ Шинзо ч эх орондоо олимпийг зохион байгуулах эрхийг авах гэж багагүй хүч хөдөлмөр гаргасан. Та бүхэн түүнийг 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадмын хаалтын ажиллагаанд оролцож, Супер Мариогийн дүрээр гарч ирж байсныг санаж байгаа биз ээ.
Харин Абэ Шинзо өөрөө стресс дагуулсан ерөнхийлөгчийн албан тушаалд очихыг хүсч байгаа болов уу? Учир нь тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэн өгсөн билээ.
- Кожи Мүрофүши
Японы спортын агентлагийн дарга, олимпийн хошой медальт Мүрофүшигийн нэр сүүлийн үед эрчимтэй яригдаж байна. Тэрбээр спортын агентлагийн дарга болохоосоо өмнө нь Токиогийн олимпийн спортын арга хэмжээ хариуцсан даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Гэвч түүний сонгуульт ажлын намтарт хар толбо бий. Тодруулбал, Кожи Мүрофүши 2012 онд ОУОХ-ны тамирчдын зөвлөлийн сонгуульд нэр дэвшихдээ дүрэм зөрчиж, өөрийн зураг, нэртэй сурталчилгааны бараа бүтээгдэхүүнийг тарааж байжээ.
Өдгөө 46 настай Кожи Мүрофүши олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хуучин ерөнхийлөгч Ёширо Моритой таагүй харилцаатай бөгөөд Мориг хүйсээр ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасны дараахан мэдэгдэл хийж, Японы спортын агентлаг хүйсийн эрх тэгш байдлыг үргэлж хангана хэмээж байжээ.
Мүрофүши тамирчин ахуйдаа 2004 оны Афины олимпийн дүүгүүр шидэлтийн төрөлд түрүүлж, энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны Ази тамирчин болж байжээ. Харин 2012 оны Лондонгийн олимпоос энэ төрөлдөө хүрэл медаль хүртэж байв.
- Микако Котани
Олимпийн наадмын уран сайхны сэлэлтийн медальт Микако Котанигийн хувьд бусад нэр дэвшигчдийг бодвол илүү хүндлэгдсэн тамирчин, илүү боловсорсон удирдагч гэж харагдаж байна. Өдгөө 54 настай тэрбээр одоогоор Токиогийн олимпийн наадмын спортын арга хэмжээ хариуцсан даргаар ажиллаж байгаагаас гадна наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бөгөөд мөн баг тамирчдын байрлах тосгоны дэд захирлын үүргийг давхар гүйцэтгэж байна.
Котани өнгөрөгч арванхоёрдугаар сард Азийн олимпийн зөвлөлийн тамирчдын комиссын даргаар сонгогдсон.
Токио хотын уугуул иргэн Котанигийн хувьд телевизэд тайлбарлагчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд 1997 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейд олимпийн наадмын үеэр дайн байлдааныг зогсоож байх олимпийн эвлэрлийн тогтоолыг танилцуулж байжээ.
Микако Котани тамирчин ахуйдаа 1988 оны Сөүлийн олимпийн наадмын синхрон сэлэлтийн ганцаарчилсан болон хосын төрөлд хоёр хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Хожим нь тэрбээр олон улсын усан сэлэлтийн алдрын танхимын гишүүнээр сонгогдсон билээ.
- Тамаёо Марүкава
Ёширо Мори Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхад Тамаёо Марүкава түүний фракцид харьяалагддаг байжээ. Өдгөө Марүкава Япон улсын парламентын дээд танхимын гишүүний албыг хашиж байгаа бөгөөд 2016-2017 онуудын хооронд Токио-2020 олимп болон паралимпийн наадмын сайдаар ажиллаж байсан туршлагатай. Цагтаа телевизийн хөтлөгч байсан тэрбээр хэрвээ олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр сонгогдвол мөн л гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шаардлагатай.
Японы хэвлэлүүд хөшигний цаана нууц тохироо хийгдсэн гэж хардаж байна. Тодруулбал, Сэйко Хашимото Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр сонгогдож, түүний үлдээх олимпийн сайдын албан тушаалыг Тамаёо Марүкава авна гэж үзэж байгаа аж. Ингэснээр ОУОХ-ын ерөнхийлөгч, Токио хотын захирагч, Японы олимпийн сайд, олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч гэсэн дөрвөн талт уулзалт болоход ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахаас бусад гурван төлөөлөл нь эмэгтэйчүүд байх ажээ.
Ёширо Моригийн хүйсээр ялгаварлан гардуухсан үйлдлийг Японы Засгийн газар засч, залруулж, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг түлхүү томилох байх гэж Японы хэвлэлийнхэн үзэж байгаа аж.
Өдгөө Токио хотын захирагчаар 68 настай Юрико Коикэ хэмээх эмэгтэй ажиллаж байна.
Дээрх хүмүүсээс гадна хэд хэдэн битүү морьд бий. Тухайлбал, 1984 оны Лос Анжелесийн олимпийн наадмын хүрэл медальт, Японы эмэгтэйчүүдийн воллейболын шигшээ багийн тамирчин асан Юко Мицүёо, 1988 оны Сөүлийн олимпийн алтан медальт, усан сэлэлтийн тамирчин, Японы спортын агентлагийн хуучин дарга Дайчи Сүзүки, 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт, жүдоч Каори Ямагүчи болон одоогийн Японы улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн зөвлөх Томоко Намба зэрэг хүмүүс нэр дэвших магадлалтай байна.
Холбоотой мэдээ