Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 152 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 152 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 152 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дизель түлшээр явдаг нийтийн тээврийн хэрэгслүүдийг хийн болон цахилгаанаар ажилладаг автобусаар солих шаардлагатай байгаа. Тэгвэл уг ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр өнөөдөр талууд санамж бичиг байгуулсан юм. Тодруулбал, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Газком Холдинг” ХХК болон “Евро Хан” ХХК нар Улаанбаатар хотын нийтийн тээврийг хийгээр ажилладаг автобусаар солих ажлыг эхлүүлэхээр болж, өнөөдөр /2021.02.17/ харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын иргэдэд үйлчилж буй 1000 гаруй автобусны тухайд насжилт дууссан тул хөө, тортог их хэмжээгээр ялгаруулж, агаар орчныг ихээхэн бохирдуулдаг. Тэгвэл төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар “Автобус лизинг” төслийг хэрэгжүүлж, 2021 оны долоодугаар сард цахилгаан болон хийгээр ажилладаг эхний ээлжийн 200, есдүгээр сард 300 автобус тус тус оруулж ирэхээр төлөвлөжээ. Санамж бичиг байгуулах үеэр талуудын ярьсан зүйлээс онцлон хүргэж байна.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэндсайхан: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.14-т нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий, тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэх тоноглол бүхий тээврийн хэрэгслийг үе шаттайгаар нийлүүлнэ гэж заасан байгаа. Өнөөдрийн байгуулж буй уг харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд автобусны машин цагийн тарифт өөрчлөлт оруулах асуудал хамгийн чухал. Энэ нь нийтийн тээврийн операторын үйл ажиллагаа явуулж буй бүхий л ААН-ийг дэмжиж буйгаараа төр хувийн хэвшлийн түншлэлийн зөв, оновчтой загвар гэж үзэж болно. Нийтийн тээврийн шинэчлэл гэхээр төсөвт дарамт учруулсан том худалдан авалт хийх болдог. Тэгвэл уг асуудлыг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой. Иймээс бид энэхүү саналаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон нийслэлийн ИТХ –д хүргүүлнэ.

“Газком Холдинг” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ: Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулахын тулд манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дизель түлшийг хэрэглээнээс халах ажлыг эхлүүлж байгаа. Хотын хөгжилд иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс бид цэвэр агаартай, ногоон хот болохоор зорьж буй нийслэлийнхээ ажилд гар бие оролцож, дизель түлшээр явдаг нийтийн тээврийн хэрэгслийг хийгээр ажилладаг автобусаар солих ажилд дэд бүтцийг нь хариуцахаар болж, цэнэглэх станцууд барих ажлыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барихаар болж өнөөдөр санамж бичиг байгууллаа.

“Газком Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Идэрсайхан: Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувийг тээврийн хэрэгслүүдээс гарч буй утаа эзэлдэг. Тэгвэл уг бохирдлын 70 гаруй хувийг үйлчилгээнд явж буй автобуснуудаас гарч буй утаа эзэлж байна. Иймд манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр оруулж ирж буй байгалийн хийгээр ажилладаг нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлын дэд бүтэц болох LNG цэнэглэх станц барих ажлыг хийхээр өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Одоогоор нэг станц ажиллаж байгаа бөгөөд цаашид 10-15 станц барихаар төлөвлөж байна. Нэг станц барих ажилд 400-500 сая төгрөг шаардагддаг. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг ажилд оролцож байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

“Евро Хан” ХХК-ийн Борлуулалтын менежер Б.Мөнхдалай: Манай компани дэлхийн хамгийн том автобус үйлдвэрлэгч болох “Yutong” компанийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Yutong автобус маань Монгол улсын цаг уурын нөхцөлд туршигдсан, өндөр чанартай болох нь батлагдсан байдаг.

Ковидын нөлөөгөөр улс орны эдийн засаг хүндрэлтэй энэ үед төсөвт дарамт учруулахгүйгээр Улаанбаатар хотын иргэд, зорчигчдын тохь тухтай зорчих нөхцөлийг бүрэн бүрдүүлэх байгаль орчинд ээлтэй автобусны парк шинэчлэл хийхээр төр хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын стандартад нийцсэн 500 автобусыг үйлдвэрийн үнээр энэ оны есдүгээр сар гэхэд оруулж ирэх үүрэгтэйгээр өнөөдрийн энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн гэрээгээр энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Дэлхий нийт дизель түлшнээс татгалзаж байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологид суурилсан нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээндээ нэвтрүүлж байгаа. Бид үүнээс дутах ёсгүй. Иймээс бид нийслэл хоттойгоо хамтарч ажиллахыг зорьж байгаа юм.

Бидний хүргүүлсэн энэ санал, санаачлагыг дэмжин ажиллаж буй “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын удирдлагуудад талархаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж