1990 оны дөрөвдүгээр сарын 07. Энэ өдөр Монголын Ардчилсан нам үүсгэн байгуулагдаж анхны Их хурлаа хуралдуулсан түүхэн өдөр юм. Өнгөрсөн жилүүдэд АН баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлэхдээ бөх барилдуулж, баярын хурал хийдэг байсан бол энэ удаа АН-аас УИХ-д сонгогдсон 31 гишүүн, ҮЗХ-ны 228 гишүүн нь тус бүр үүрийн хуралдаа оролцож өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Нийтдээ 1754 үүр нэгэн зураг хурлаа хийж байгаа юм.
АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын хувьд Баянгол дүүргийн 18 үүрийн хуралд оролцсон юм. Түүний хувьд 1989 онд сургуулиа төгсөж ирээд Баянгол дүүрэгт амьдарч байсан тухайгаа дурсан ярьж байсан юм. Мөн ээж нь ч яг энэ хороонд одоог хүртэл амьдарч байгаа аж.
АН-ын дарга З.Энхболд 18 дугаар үүрийн хуралд оролцох үеэрээ, “Ардчилсан нам үргэлж шинийг санаачлагч, анхдагч байдаг. Бид төрийн эрх баригч болсноор орон сууцны 8 хувийн зээлийг санаачлан 76 мянган айлыг хамруулсан бол одоо ипотекийн 5 хувийн зээлийн нэгдүгээр шатыг эхлүүлж 18 мянган өрх хамрагдаад байна. Үүнийг бүтээн байгуулалт талаас нь харвал 2013-2015 онд нийт 2.5 сая ам.метр орон сууц шинээр ашиглалтад орж, 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийжээ. Энэ бүтээн байгуулалтыг дагаад барилгын салбарт ажиллагсдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн сайхан мэдээ байна. Хууль тогтоох түвшинд Хамтын тэтгэврийн хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай зэргээр иргэддээ хандсан шийдвэрүүдийг гаргаж байна. Мөн Малчны зээлийн жилийн хүү 29 хувь байсныг 10 болгож бууруулсан, нийслэл, орон нутгийн шатахууны үнийг нэг түвшинд аваачсан нь цаг үеэ олсон шийдвэр боллоо” гэв.
Мөн энэ өдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 15 хорооны 15 дугаар үүрийн хуралд оролцсон юм. Тэрээр, “Ардчилсан намынхан үргэлж шинийг санаачлагч, шинийг түүчээлэгч байдаг. Би саяхан 21 аймгаар явж удирдах ажилтны зөвлөгөөн хийгээд ирлээ. Ардчилсан нам ялсан аймгийн өнгө төрх үнэхээр өөр болсон байна. Энэ аймгуудыг улс орон, Засгийн газар өмнө хойноосоо гаргаагүй, яг адилхан хандаж байгаа. Гэтэл АН ялсан аймгийн өнгө төрх өмнөх жилүүдтэй харьцуулах өөрчлөгдөж, үнэхээр хөгжиж чаджээ. Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн зах зээлээс бонд босгож түүнийгээ ард иргэдэд бэлнээр тараах бус бодит бүтээн байгуулалт болгож хувиргасан нь эхнээсээ үр өгөөжөө өгч эхэлсэн. Чингис бондоос бага хүүтэй зээлийг ах ахуйн нэгжүүдэд өгсөн нь экспортыг дэмжих, импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэллээ. Мөн эрчим хүчний салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалт хийж чадсан нь улаанбаатарчууд бид хөлдөх аюулаас аврагдсан. Зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож 2700 орчим км зам барьж, нийслэлд уулзвар гарцыг өргөтгөж, шинэчилсэн гээд олон ажлыг бид хийж чадлаа. Цаашид бидний хийх ажил тов тодорхой” гэсэн юм.
Нийслэлийн Ардчилсан намын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны дөрөвдүгээр үүрийн хуралд оролцлоо. Тэрээр өнгөрсөн хугацаанд нийслэлд хийсэн ажлуудаас заримыг нь онцлож танилцуулсан юм. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гурван жилийн дотор 7000 гаруй орон сууцны барилга угсралтын ажил эхлүүлснээс 2000 гаруй айл тохилог орон сууцанд орсон. Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах ажлыг нийслэлд 9 талбарт хэрэгжүүлэхээр шийдвэр гаргалаа. Энэ дөрөвдүгээр сараас бүтээн байгуулалтын ажил нь эхэлнэ. Ахмадын орон сууцны асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Хотын дэд бүтэц, тохижилтын чиглэлд олон ажлууд хийснийг иргэд мэдэж байгаа. Иргэдийнхээ оролцоотойгоор, тэдний саналыг сонсож аливаа асуудлыг шийдвэрлэдэг, амьдарч буй орчныхоо тохижилтыг иргэд өөрсдөө хийдэг болсон нь том дэвшил байсныг Нийслэлийн Засаг дарга онцолсон юм. Мөн төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс “Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг Дүнжингарав худалдааны төвд байгуулснаар олон хүн хандаж, төрийн байгууллагын 233 үйлчилгээг нэг дороос авдаг боллоо. Энэ төвийн салбаруудыг “Мишээл экспо төв”, “Драгон төв”-д байгуулахаар бэлтгэл ажил хийж байгаа, тун удахгүй ашиглалтад оруулна гэдгийг ч дуулгав.
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын 18 дугаар үүрийн хуралд УИХ-ын гишүүн, УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар оролцлоо. УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Ардчилсан намын УИХ, Засгийн газар өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд ямар ажил хийж, бүтээсэн талаарх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Тэрбээр "Ардчилсан нам энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-д суудалтай бүх нам, эсвэл, бие даагчтай хамтарч ажилласан байна. Энэ хугацаанд УИХ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 1400 хууль тогтоомж хэлэлцэж баталсан. Үүнээс бие даасан 117 хуулийг шинээр баталлаа. Мөн 51 гэрээг соёрхон баталж, 789 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ийнхүү 177 бие даасан хууль баталж, 789 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр 92 хуулийг хүчингүй болгосон байна. УИХ-ын 351 тогтоол гаргаж, Засгийн газар холбогдох газруудад чиглэл өгчээ" гэж ярилаа.
Иргэн өөрөө сонирхвол улсын төсвийн орлого, зарлагыг хянах боломжийг бүрдүүлж өгсөн Шилэн дансны тухай хуулийг АН-ын УИХ, Засгийн газрын үед гаргасан том ажил болсон гэж Б.Гарамгайбаатар дарга онцолсон юм.
Г.ДАРЬ