Гурил үйлдвэрлэгчид болон ченжүүдийн ам зөрөв

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Гурил үйлдвэрлэгчид болон ченжүүдийн ам зөрөв

Монголчуудын хоол хүнсний хэрэгцээг мах, гурилгүйгээр төсөөлөхөд бэрх. Энэ жилийн хувьд хүнсний гол хэрэглээ болох махны үнэ бараг л тэнгэрт тултлаа өссөн нь өнгөрсөн өвөл, хаврын турш иргэдийг туйлдуулсан. Гэтэл махны үнэ буурч, иргэдийн нуруунаас нэг ч гэсэн ачаа хөнгөрч байтал саяхнаас эхлэн гурилын үнэ нэмэгдэж бухимд­лыг нь төрүүлэх боллоо. Гурилын үнэ өссөн шалтгааныг зарим хү­н хойд хөршид үүссэн нөхцөл бай­далтай холбон тайлбарлаж буй. Гэсэн хэдий ч улаанбуудайн ургац сайн байгаа энэ үед уг шалтаг тийм ч оновчтой   биш гэдэгтэй олон хүн санал нийлж байлаа. Ингээд гурилын үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг сонирхохоор нийслэлийн зарим зах, хүнсний дэлгүүрүүдээр орсон юм.  “Баянзүрх” худалдааны төвд өчигдрийн байдлаар дээд гурилыг нэг килограммыг нь 850 төгрөг, нэгдүгээр гурилыг 750 төгрөгөөр зарж байв. Гурилын жижиглэнгийн худалдаа эрхлэгчид тооны машинаа гарган бодоод “Үйлдвэрээсээ гурилын үнийг 220 орчим төгрөгөөр нэмсэн байна” хэмээн тооцоолсноо харуулав.  Ийн өссөн шалтгааныг тус захын гурилын наймаачид гурил үйлвэрлэгчидтэй холбон тайлбарлаж байсан юм. Тэдний хэлж буйгаар гурил үйлдвэрлэгчид тэр дундаа  “Алтан тариа” ХХК сүүлийн үед гурилын үнийг замбараагүй нэмэх болсон гэнэ. Мөн тэд “Үүнд арга хэмжээ авах болсон” хэмээх ажээ. Харин үндэсний үйлдвэрлэгчид үүнээс эсрэг зүйл ярих ажээ. Гурилын үнийн өсөлтийн талаар холбогдох хүмүүсээс сурвалжиллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн яамны Хүнс­ний үйлд­вэрлэл, худалдаа үйл­чил­гээний бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Э.Аззаяагаас гурилын үнэ яагаад өссөнийг тодруулсан юм.
 
-Гурилын үнэ захуудад ойрол­цоогоор 220 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүний шалтгааныг тод­руулсан уу. Энэ өсөлт нь хэр бодитой тоо вэ?

-Гурилын импортын гаалийн татвар долдугаар сарын 1-нээс дараа жилийн дөрөвдүгээр сарын 1-н хүртэл 10 хувиар буурдаг. Энэ үед дотоодын гурил үйлдвэрлэгчид үнээ өсгөдөг. Ойролцоогоор 50-100 төгрөгөөр нэмэгддэг юм. Одоо энэ хэмжээнээс илүүгээр нэмэгдсэн нь ОХУ-ын газар тариалангийн салбарт үүссэн нөхцөл байдлыг дотоодын үйлдвэрлэгчид далимдуулж байж мэдэх юм. Өнгөрсөн хаврын хувьд ОХУ-аас их хэмжээний хямд үнэтэй гурил орж ирсэн. Энэ нь дотоодын гурил үйлдвэрлэгчдэд асуудал болсон байх. Тиймээс импортын гаалийн татварыг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн үнээ нэмдэг.

-ОХУ-аас гурилын экспортдоо хориг тавилаа. Энэ жил манай улс дотоодын гурилын хэрэгцээгээ хэрхэн хангах вэ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-ХХААХҮЯ-наас энэ онд дотооддоо гурилын хэрэгцээгээ хомсдолгүй хангах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байгаа. Манай улсад жилдээ 240 орчим тонн гурил хэрэглэдэг гэсэн тоо бий. Өнгөрсөн онд үүний 40-50 хувийг дотоодын үйлдвэрийн гурилаар хангасан. Энэ онд 50-аас дээш хувийг хангахаар ажиллаж байна.

“Баянзүрх” худалдааны төвд бизнес эрхлэгч, иргэн Н.Магсаржав:
-Эх орны үйлдвэрүүдийн гури­лын үнэ нэмэгдсээр л байна. Нэ­мэх болохоор хэлдэггүй гэнэт л иймэрхүү янзаар нэмчихдэг юм. Үүнийг нь иргэд ойлгохгүй ойрын өд­рүүдэд биднийг нэмсэн юм шиг загнаж, бухимдах болсон. Миний бодлоор дотоодын үйлдвэрүүдийн гурилын үнэ ингэж их  нэмэгдэх ёсгүй. Үнэхээр хязгааргүй нэмэгдэж бай­на шүү дээ. Гэтэл орос гу­рил, монголын үйлдвэрүүдийн гу­рилаас хямд үнээр орж ирдэг. “Алтан тариа”-ийн гурил бусад үйлдвэрүүдийнхээс 20 төгрөгөөр илүү үнэтэй. Одоогийн байдлаар дотоодын гурил үйлдвэрээсээ нэг килограмм нь 200 гаруй төгрөгөөр нэмэгдээд ирчихсэн. Бид тогтмол 50-100 төгрөг нэмээд л зардаг юм. Орос гурилын үнэ хямд байхад дотоодын гурил түүнээс нь өндөр үнэтэй байдаг. Энэ бас бодож үзэх л асуудлын нэг. Би их гайхдаг юм.

Иргэн С.Лувсанням:
-Манай улсад тариа, улаан буудайн хангалттай нөөц байгаа. Их ургасан шүү дээ. Тэгэхээр ОХУ-д хэт халалт, ган боллоо гэдэг нь манай улсын гурилын үнэд нөлөөлөх зүйл биш. Үүнийг дотоодын гурилын үйлдвэрийнхэн далимдуулж үнээ нэмж байх шиг байна. Миний мэдэж буйгаар өчигдөр /уржигдар/ зах, дэлгүүрүүдийн гурилын лангуунууд огт ажиллаагүй. Тэгээд л ганцхан хоногийн дотор 200 гаран төгрөгөөр нэмэгдэж 600 төгрөг байсан дээд гурил өнөөдөр /өчигдөр/ 850 төгрөг болчихсон байна.

Иргэн К.Эрдэнэчимэг:
-Махны үнэ сүүлийн үед бууж байна. Гэтэл одоо гурилын үнэ нэмэгдчихлээ. ОХУ-аас экспортоо хязгаарласнаас үүдэн манай гурилын компаниуд үнээ нэмсэн байх. Далимдуулж байгаа хэрэг. Элсэн чихэр будааны үнэ нэмэгдэж магадгүй гэж сонссон.

“Алтан тариа” ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Г.Ганзориг:
-Манай үйлдвэрийн гурилын үнэ 200 төгрөгөөр нэмэгдээгүй. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс одоог хүртэл нийтдээ 100-110 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь гурилын үйлдвэрлэл буурсан, түүхий эд багассан зэрэгтэй холбоотой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 100-аад мянган тонн улаан буудайн нөөц бий хэмээж буй. Гэсэн улаан буудайгаа  хөдөө орон нутгаас татаж авчраагүй, хол байгаа учраас дотоодын гурилын үйлдвэрүүд нөөцгүй болж байгаа.

“Таванбогд трейд”-ийн менежер Ж.Оюунчимэг:
-Монголд гурил болон бусад бүтээгдэхүүний үнэ, борлуулалт ченжүүдийн хуйвалдаанаар явдаг. Манай “Улаанбаатар” гурилын үйлд­вэр наадмын дараахан нэг удаа гу­рилын үнээ 20 төгрөгөөр нэмсэн. Үнээ нэмсэний дараа багагүй шүүмж­лэлтэй тулгарсан. Гэсэн хэдий ч өөрийн өртөг, зардлаа нөхөх, ажилчдаа цалинжуулах  гээд дотоодын үйлдвэрлэгчдэд асуудал их бий. ОХУ-д үүссэн нөхцөл байд­лыг далимдуулан гурилын үнээ нэмсэн зүйл байхгүй.
Тэд ийн ярив. Гурилын най­маа­чин, гурилын үйлдвэрлэгч хоё­рын хэлсэн үг ийн алд дэлэм зө­рөв. “Тэмээ гэхэд ямаа гэлээ” гэдэг шиг жижиглэнгээр гурил ху­далддаг наймаачид “Дотоодын үйлд­вэрүүд нэг л өглөө гурилаа 200 гаруй төгрөгөөр нэмсэн” хэмээ­хэд  дотоодын үйлдвэрлэгчид “Бид 20-100 төгрөгөөр нэмсэн гэх аж.  Гурилын үнэ ямар шалт­гаанаар өссөн болон хэр бодитой үнэ болох талаар Шударга өрсөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газ­раас судалгаа хийж буй аж. Уг судалгааны хариу долоо хоногийн дараа гарах бөгөөд тэр үед нь олон нийтэд танилцуулна хэмээн тус байгууллагаас мэдээлсэн юм. Гурилын үнийн өсөлтийг дагаад гурилын бүтээгдэхүүн, тэр дундаа талхны үнэ нэмэгддэг. Улаанбаатар хотын зарим худалдааны төв, за­хуудаар орж үзэхэд одоогийн байд­лаар талх, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй байлаа.

Т.Урангэрэл

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж