АНУ-д олон жилийн дундажтай харьцуулахад хамгийн хүйтэн өвөл болж буй энэ үед хэд хэдэн мужид эрчим хүч тасарснаас нийт таван сая гаруй хүн тоггүй болжээ. Эрчим хүчний доголдлыг харуулдаг албан ёсны сайтад мэдээлснээр дээрх таван сая хүний олонх нь Техас, Орегон, Луйзиана, Кентаки мужийн иргэд аж.
Өчигдрийн/2021.2.16/ байдлаар Техас мужид 3.3 сая хүн, Орегон мужид 192 мянга гаруй хүн, Луйзиана мужид 160 мянган хүн, Кентаки мужид 111 мянган хүн тоггүй болсон байна. Ийн олон мянган айлын тог тасарсан нь сүүлийн үед болж буй хүчтэй шуургуудтай холбоотой аж. Тухайлбал, Орегон мужид болсон цасан шуурганд гудамжны модод хугаран унаж, цахилгааны шонгууд эвдрэн эрчим хүчний кабелиуд тасарчээ. Гэмтэл их байгаагаас шалтгаалан ихэнх айлууд хэдэн өдрийн дараагаас цахилгаан авах боломжтой болох аж.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор зарим мужуудад цаашид улам илүү олон айл өрх цахилгаангүй болохоос сэргийлэн үе үе хязгаарлалт хийх болжээ.
АНУ-д хамгийн их хүйтэн өвөл болж буй үед цахилгаан тасарч, олон мянган айл халаалтын асуудалтай тулгарсан нь эрх баригчдын санааг зовоож байгаа аж. Мөн хүйтэн байгаагаас Техас мужид хоёр хүн, Хьюстон мужид гурван хүн, орон даяар нийт 12 хүн нас барсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Хьюстон мужийн эрх баригчдын мэдээлж байгаагаар машиныхаа халаагчаар гэртээ дулаан байх оролдлого хийсэн гэр бүл угаартжээ. Энэхүү золгүй явдлаас болж, ээж нь найман настай охиныхоо хамт нас барсан бол аав нь долоон настай хүүтэйгээ эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ