Сүүлийн өдрүүдэд Украин, Оросын нутгаар их хэмжээний цас унаж, жижиг оврын машин техник явахад хүндрэлтэй болжээ. Гудамж талбайнууд цасанд дарагдаж, зорчих хөдөлгөөн саатаад байгаа аж.
Тэгвэл Украины хойд бүсийн Грибова Рудня тосгоны оршин суугч нэгэн эр гэрийнхээ ойр орчмын замын цасыг цэвэрлүүлэхийн тулд хуурамч дуудлага өгчээ.
Тэрбээр Бямба гаригийн орой цагдаагийн хэсэг рүү залгаад хүний амь хөнөөчихлөө хэмээн хуурамч дуудлага өгсөн байна. Ээжийнхээ эрэгтэй найзын цээжинд хутгалж, амийг нь хөнөөсөн хэмээгээд түүний амьдардаг тосгон руу нь цас цэвэрлэгч машингүйгээр ирэх боломжгүй хэмээн ярьсан байна.
Гэтэл цагдаа нар туулах чадвар сайтай SUV ангиллын автомашинтай ирсэн тул залуугийн башир арга бүтэлгүйтэж, харин ч торгууль төлөхөөр болжээ. Цагдаагийн байгууллагын ажилд саад учруулж, хуурамч дуудлага өгсөн эр 119 гривна буюу ойролцоогоор 4,3 ам.долларын торгууль төлөхөөр болсон байна.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ