МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн баасан гаригт баривчилжээ. М.Мөнхөө нь Н.Энхбаярыг анх Ерөнхий сайдаар ажиллаж эхлэх тэр үеэс хамгаалагчаар нь ажиллаж байсан байна. Улс төрийн ямар ч албан тушаалгүй, намын гишүүнчлэлээр ч ороогүй хөлөө гэмтээж хэд хоногийн чөлөө авсан хамгаалагчийг АТГ саатуулсан нь Н.Энхбаярыг БНСУ-аас ирүүлэхгүй гэсэн үйлдэл гэж МАХН-ын удирдлагууд үзэж буй юм. Мэдүүлэг авъя гэж АТГ-ынхан М.Мөнхөөгийн гэрт нь нэвтрээд шууд баривчилан цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Удалгүй М.Мөнхөөг Төв аймаг дахь хорих анги руу шилжүүлжээ.
Намынхаа даргын бие хамгаалагчтай уулзах хүсэлтийг З.Баянсэлэнгэ болон О.Баасанхүү нарын зүгээс тавих боломжтой гэнэ. Өмнө нь МАХН-ын гишүүдийн зүгээс Г.Шийлэгдамба, П.Цогтбаатар нарыг баривчлах үед нь уулзах хүсэлтийг тавьсан ч АТГ-аас намын гишүүд сэжигтнүүдтэй уулзах хориотой гэсэн тайлбар хийжээ. Намын даргыг нь өмгөөлөх өмгөөлөгч байхгүй болж, хамгаалагчийг нь хүртэл саатуулах нь сонгууль дөхсөн хэлмэгдүүлэлт гэж МАХН-ынхан тайлбарлалаа. Тэд Н.Энхбаярыг улс төрийн сонгуульд оролцуулахгүй гэсэн эсрэг намынханы хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл гэж харжээ. Мөн энэхүү МАХН-ыг тойрсон хэлмэгдүүлэлтийг зогсоохоор энэ сарын 12.13 ний өдрүүдэд 2012 онд Н.Энхбаярыг АТГ хэрхэн баривчилсаныг эргэн сануулж, жагсахаар болсон байна.
Д.ЖАГАР
Зураглаач Н.БАТМӨНХ