“Монгол шир” компаниас голомтлон гарсан халдварын тоо 140 боллоо

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

COVID-19

“Монгол шир” компаниас голомтлон гарсан халдварын тоо 140 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Tuesday, February 16, 2021

Засгийн газраас Сovid-19 халдварын талаарх өнөөдрийн /2021.02.17/ ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Улсын хэмжээнд өчигдөр /2021.02.16/ нийт 38409 сорьцод шинжилгээ хийхэд 28 хүнээс Сovid-19 илэрлээ. Шинээр батлагдсан 28 тохиолдлуудаас нэг нь "Нэг хаалга-Нэг өрх" шинжилгээний хүрээнд илэрсэн бол 27 нь өмнө батлагдсан тохиолдлуудын хавьтал юм. Улаанбаатар хотод Сovid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1605 болсон. Харин бусад аймагт халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2444. Үүнээс 1931 нь дотоодод бүртгэгдээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэж  эмнэлгээс гарсан.  Нийт батлагдсан тохиолдлуудаас өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт нийт 654 хүн эмчлүүлж байна. Тэднээс хоёр хүний бие маш хүнд бол зургаа нь хүнд, 84 нь хүндэвтэр байна. Бусад 562 эмчлүүлэгчийн бие хөнгөн байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод халдварын идэвхтэй 136 бүс байна. Үүнээс 36 нь хамгийн идэвхтэй байна. Тухайлбал,  "Монгол шир" ХК, 16-р хороолол, "Цахиур төмөр" ХК -иас голомтлон гарсан халдвар идэвхтэй байна. Тэр дундаа"Монгол шир" компаниас голомтлон гарсан халдварын тоо 140-д хүрлээ. Үүнд 20 гаруй ажилтны гэр бүл, найз нөхөд зэрэг ойрын хавьтлууд орж байна. Мөн Баянзүрх дүүргийн 36 дугаар байрт бүртгэгдсэн халдварын голомт идэвхтэй байна. Харин гутлын цех, X апартмент, Элизабет хороололд гарсан голомтуудыг хяналтад оруулсан. Өнөөдрийн байдлаар ойрын хавьтал 799, хоёрдогч хавьтал 1551 хүн бүртгэгдсэн. Хөл хорио тогтоосноор хавьтлуудын тоо буурсан.

Гэртээ байх ёстой хүмүүс хөл хорионы дэглэм зөрчиж байна

Засгийн газраас Улаанбаатар хотод дэгдсэн Covid-19 халдварын голомтуудыг хумих зорилгоор 12 хоногийн хөл хорио тогтоож, “Нэг хаалга-Нэг өрх” арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэхүү шинжилгээнд нийт 200 мянга орчим өрх хамрагдсан байна.

Шинжилгээ хийх үеэр шинээр илэрсэн Covid-19 халдварын 28 тохиолдлыг дүүргээр нь авч үзвэл

  • Баянгол-6
  • Баянзүрх-7
  • Сүхбаатар-3
  • Чингэлтэй-6
  • Хан-Уул -3
  • Сонгинохайрхан-2 тус тус бүртгэгджээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.ГАНЗОРИГ:

-“Нэг хаалга-Нэг өрх” арга хэмжээтэй холбоотой зарим хүндрэл бэрхшээлүүдээс хэлье. Өчигдрөөс эхлэн хүнсний дэлгүүр, бөөний төв, томоохон хүнсний захуудыг ажиллуулж эхэлсэн.Үүнтэй холбоотойгоор  иргэдийн дунд  “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээнд хамрагдан, PCR шинжилгээ өгсөн бол хөдөлгөөнд оролцож болно гэх ойлголт, хандлага ажиглагдаж байна. Үйл ажиллагааг нь хориглоогүй 14 салбарын ажилтан, албан хаагчдаас бусад нь гэртээ байх ёстой ч хөдөлгөөнд оролцож байна.

Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн хөдөлгөөн 12 мянга байсан бол зах худалдааны төвүүдийг нээснээр 19 мянгад хүрч 50 хувиар нэмэгдсэн байна. Гэртээ байх ёстой хүмүүс хуурамчаар ажлын үнэмлэх үзүүлж, нийтийн тээврээр зорчих, эсвэл хувийн тэргээрээ хөдөлгөөнд оролцож байгаа нь албан хаагчдад хүндрэл учруулж байна. Хоёрдугаар сарын 23-аас ердийн амьдралын хэв маягт эргэн орохын тулд хүн бүр хариуцлагатай байж, хөл хорионы дэглэмээ сахих нь чухал байна.

Дэлхийд шинээр бүртгэгдэж буй вакциныг хүлээж авах нөхцөл бүрдсэн

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма

Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуультай. Хууль эрх зүйн хүрээнд вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж буй юм.

Өнгөрсөн онд COVAX хөтөлбөрт орох хүсэлтээ хүргүүлж байсан. Энэ цагаас бэлтгэл ажлаа хангаж ирсэн. Хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах боломжтой болсон. Мөн гурван өөр түвшинд хадгалах зориулалттай вакциныг хүлээж авах бэлтгэлээ базаасан. Дэлхийд шинээр бүтээгдэж буй хасах 70 хэмд хадгалах зориулалттай вакциныг хүлээж авах, хадгалах нөхцөл бүрдсэн. Шинжлэх ухааны олон шалгуурыг давсан вакцинуудыг иргэнд хүргэхэд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн байх нь тухайн улс орны чадавхыг илэрхийлдэг нэг гол хүчин зүйл юм.

Монгол Улс вакциныг хадгалах тоног төхөөрөмж, хүн хүч, нөөц, тогтолцоог бэлтгэсэн. Вакциныг оруулж ирээд иргэнд хүргэх хүртэлх тогтолцоо бэлэн болсон.

Тэдгээрт нийт 800 мянга гаруй хүн тун вакциныг хадгалах багтаамжтай. Бусад 21 хөлдөөгчийг аймаг, дүүрэг рүү хуваарилахаар нөөцөд авсан. Эдгээр нь тус бүр 100 литрийн багтаамжтай.

Вакцины тухайд Pfizer вакцин нь харшлын суурьтай хүмүүст урвал өгөх магадлал байна гэж үзсэн.

ДЭМБ-аас зөвшөөрөл авсан болон бүтээгдэж байгаа вакцинуудын хувьд судалгааны бүтээл хангалттай биш байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөхгүй байгаа.

Халдвар аваад эдгэрсэн хүнд гурван сарын дараа вакцин хийхийг зөвлөж байна. Ингэхдээ улс орон бүр дотооддоо мэргэжлийн байгууллагууд нь зөвлөлдөөд хэдэн тунгаар дархлаажуулахаа шийдэж байгаа.

ДЭМБ-ын шинжээчдийн баг халдварт хамгийн их өртөж байгаа эрсдэлт бүлгийг тодорхойлсон. Улс орнууд нөхцөл байдалтайгаа холбоотойгоор эрсдэлт бүлгийн хүмүүсээ эрэмбэлж байгаа. Нэгдүгээрт эмнэлгийн эмч мэргэжилтнүүд эрэмбэлэгдсэн байгаа.

                       Нэхмэлийн байранд халдвар голомтлон гараагүй

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад албаныхан хариуллаа.

-УОК-оос тусгаарлалтын хугацааг 10 хоног болгох чиглэл өгсөн. Өмнө нь 21, 14 хоногоор тусгаарладаг байсан. Цар тахлын үед 10 хоногийн тусгаарлалтын хугацааг хүлээн зөвшөөрч байгаа юм уу?

-Ц.ГАНЗОРИГ: Гадаадаас эх орондоо ирж буй иргэдийг 10, 14 хоног гэсэн хоёр шатлалтайгаар тусгаарлахаар болсон. Мутацид бүсээс ирээгүй иргэдийг 10 хоног тусгаарлана.

Өмнө нь хилийн чанадаас ирсэн иргэдийг хоногийн 50 мянган төгрөгийн тарифаар буудал болон сувилалд тусгаарладаг байсан. Гэвч тусгаарлах байрны орчин, үйлчилгээ шүүмжлэл дагуулдаг, иргэд голдог байсан. Тиймээс зочид буудлыг гурван шатлалтай болгож байгаа. Гадаадаас ирж буй иргэд тусгаарлах байраа өөрсдөө сонгох өөрчлөлт гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцааны яамнаас мэдээлнэ.

А.АМБАСЭЛМАА: Covid-19 халдварын нууц үеийн хугацаа 14 хоног. Гадаадаас иргэдээ татан авахад хэд хэдэн ангилалтай тусгаарлан ажиглах төлөвлөгөөг гаргаж байна. Вакцин гарсан тул иргэд гадаадаас эх орондоо ирэхдээ вакцинд хамрагдсан байна. Вакцин тариулсан иргэнийг 10 хоног тусгаарласны дараа гэртээ дөрөв хоног өрхийн эмчийн хяналтад байх юм.

Мөн мутацид орсон вирустэй, өвчлөл өндөр бүс нутгаас ирсэн иргэдээ бид 14 хоног тусгаарлана. Энэ хугацаанд давтан шинжилгээ, асуумж авна. Хавьтал болсон иргэдийг долоо хоног тусгаарлаж ажиглалтаас гаргасны дараа харьяа төрийн байгууллагын хяналтад шилжүүлнэ.

-Нэхмэлийн байранд нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Нэхмэлийн байранд халдвар голомтлон гараагүй.Бид хавьтлуудыг зөөвөрлөж байгаа. Батлагдсан тохиолдолтой хавьтал болсон иргэдийг зөөвөрлөхөд иргэд өвчлөл гарлаа гэж ойлгож байгаа бололтой. Батлагдсан тохиолдлууд болон хавьтлуудыг зөөвөрлөх ажлыг зохион байгуулж байна.

-Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 1-ээс ерөнхий боловсролын танхимын сургалтыг эхлүүлэх асуудлыг хэзээ хэлэлцэх вэ. Мөн ерөнхий боловсролын сургуулиудыг шинжилгээ авах цэг болгосон. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байж хичээлийг эхлүүлэх байх. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

-Ц.ГАНЗОРИГ: Гуравдугаар сарын 1-ээс танхимаар хичээллүүлэх үү, үгүй юу гэх асуудал байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тандалт судалгаа явуулж, танхимын сургалтыг эхлүүлье гэдэг байр суурь илэрхийлсэн.

Улсын онцгой комисс /УОК/-ын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанаар дархлаажуулалтын үйл явц гурав, дөрөвдүгээр сард үргэлжлэх тул танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэлтэй гэх байр суурь илэрхийлсэн. Мөн сургуулийн танхимуудыг вакцинжуулах танхим болгох тухай эцсийн шийдвэр гараагүй. Энэ асуудлыг УОК, Засгийн газар хэлэлцээгүй. Вакцинжуулалтыг хаана зохион байгуулах вэ гэдгийг  удахгүй хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж