УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ. Ингэхдээ намрын чуулганаар баталсан 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсны дагуу хуулиудаа хэлэлцэх юм. 2021 оны хаврын ээлжит чуулганаар 50 хуулийн төслийг батлахаар тогтсон юм.
Тодруулбал,
- Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
- Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл
- Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл
- Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл
- Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл
- Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
- Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- 3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл
- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Шүүх байгуулах тухай хуулийн төсөл
- Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ШИНЭЧИЛНЭ
Нийтдээ 50 орчим хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлсөн ч цаг хугацааны хувьд цар тахал, бусад асуудалтай холбоотойгоор яаралтай хэлэлцэх хуулиуд ч бас орж ирнэ. Тэгвэл хаврын чуулганаар хэлэлцэх онцлох хууль бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Шинэ оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлаад удаагүй байгаа бөгөөд чухам ямар үндэслэлээр энэ хуулийн төслийг дахин шинэчлэн найруулах гэж байгаа нь анхаарал татаж байна. Ялангуяа хаврын чуулганы үеэр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад хуулийг нь шинэчлэн найруулах нь “шинэ” Ерөнхийлөгчийн эрх мэдэлд зохицуулалт хийх нь гэсэн хардлагыг төрүүлж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч сонгууль угтаж оруулж ирж байгаа нь анхаарал татаж байна.
Одоогийн хуулийн зохицуулалтаар Ерөнхийлөгч нь нэг удаа зургаан жилээр сонгогдох, 45-аас дээш настай байх зэрэг зохицуулалттай. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг 2021 оны зургадугаар сард зохион байгуулах товыг тогтоосон. Гэхдээ хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг шинэчлэх нь Ерөнхийлөгч 6 жилээр сонгогддог болсонтой холбоотойгоор өөрчлөлт орж, хуулийн үйлчлэлийг дараагийн буюу 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж шинэчлэх гэж болох юм. Ямар ч гэсэн хуулийг хэрхэн өөрчлөх, ямар шинэчлэл хийж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БАТАЛНА
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өөрчлөлт оруулж буй. Намрын чуулганаар хэлэлцэхээр товлосон ч амжаагүй учраас хаврын чуулган руу шилжүүлжээ. Энэ хуулийн төслийн гол үзэл баримтлал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх зохион байгуулалт, хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа. Өмнөх хуульд хамгийн их давхцал, хийдлийг үүсгэж байсан чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг зохицуулж, улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зааг ялгааг нарийвчлан тусгасан гэж хууль санаачлагчид тайлбарлаж буй.
Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгасан. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх дээрх Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд тосгонд 100-аас доошгүй, хотод 500-аас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх зэрэг саналуудыг тусгажээ.
БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Хаврын чуулганаар хэлэлцэх бас нэг онцлох хууль бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль. Олон жил баялгийн сантай болох, хууль эрх зүйн зохицуулалттай болохоор ярьсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын үед энэ хуулийн төсөл ажил хэрэг болгож, “барьж авсан”. Тиймээс ч ажлын хэсэг байгуулагдаж, өмнөх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан. Монгол Улсын үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хуулийн төслийг боловсруулахдаа уг заалтыг үндэс болгожээ. Баялгийн сан нь байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна гэсэн агуулгыг хэрэгжүүлэх “гүүр” юм. Баялгийн шинэ санг “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахаар өмнөх Засгийн газар ажиллаж байсан юм.
МАРГААН ДАГУУЛДАГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙГ ШИНЭЧИЛНЭ
Анх Зөрлийн хуулийг Хууль зүйн яамнаас өргөн барьж, УИХ баталснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч хуулийн хэрэгжилт амьдрал дээр олон асуудал, маргаан араасаа дагуулсан ирсэн учраас хаврын чуулганаар энэ хуулийг бүр шинэчлэн найруулахаар төлөвлөжээ. Мэдээж өмнө нь УИХ дээр ажлын хэсгийг нь ахалж байсан одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гардан боловсруулж, оруулж ирэх болов уу. Батлагдаж, амьдрал дээр хэрэгжсэнийхээ дараа ч Зөрчлийн хууль араасаа маш их хэл ам дагуулж, иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байсан юм.
УЛСТӨРЧДИЙН БОСГО ДАВДАГГҮЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Олон жил Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хуулиудыг УИХ-ын, улстөрчдийн босго давуулж батлах гээд чадахгүй байгаа. Цаг үеийн шаардлагаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар батлах шаардлага байгаа ч нам, улстөрчдийн хувьд эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Тэгвэл эрх баригч МАН олонх байгаа дээрээ энэ хоёр хуулийн төслийг гардаж, батлахаар хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ. Мэдээж нэг нам дангаараа байхдаа энэ хуульд өөрчлөлт оруулахыг бусад улс төрийн хүчин эсэргүүцэх, маргаан дагуулах учраас эрх баригчид улс төрийн зөвшилцөлд хүрч байж энэ хуулийг УИХ-аар батлах боломжтой. Ямар ч гэсэн эрх баригчид хаврын чуулганаар хэлэлцэхээр товлож. Харин ямар эсэргүүцэлтэй тулах, магадгүй энэ хаврын улс төрийн халуун сэдэв болохыг ч үгүйсгэх аргагүй.
Энэ мэтчилэн эрх баригчид 2021 оны хаврын чуулганаар Шүүхийн шинжилгээний тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд олон хуулийг шинэчлэн найруулахаар тусгажээ. Аливаа хуулийн ихэнх хэсэгт өөрчлөлт оруулахаар бол заавал шинэчилсэн найруулга гэж үздэг.
Хуулийн дагуу хаврын чуулган 75 өдөр хуралдаж, төлөвлөсөн хуулиудаа батлах зохицуулалттай. Гэвч энэ хавар Ерөнхийлөгчийн сонгууль болно, үүнтэй зэрэгцээд олон нийтийн шүүмжлэл дагуулсан, маргаан дагуулсан, улс төрийн шүүмжлэл дагуулсан хуулиудаа хэрхэн хэлэлцэх бол гэдэг хүлээлт бий.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ