Халивын вантанг “Чингис хаан” гэдэг

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Халивын вантанг “Чингис хаан” гэдэг

Тайванийн Терри Гоу дээд зэргийн хурдаар дэлхийн цар хүрээтэй өндөр технологийн цуглуулах тасгийг бүтээж чадсан хүн. Хэрэв таны халаасанд моодны смартфон эсвэл гар цүнхэнд компьютер бий бол тэр бүгд нь юм бүрээс хоцордоггүй Террийн гараар дамжсан гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Хувь тавилангаар Хойд Хятадын хамгийн үзэсгэлэнтэй мужийн Жевань тосгоны ойролцоо очлоо гэхэд тэр хавь нь Дундад улсын энэ хэмжээний бусад хот сууринаас ямар их ялгаатайг анзаарах болно.  Европын замууд, цэмцгэр ногоон талбай, эвлэгхэн хийцийн барилга байшин, орчин үеийн сургууль ба ер бусын сүм-мавзолей. Хэн эднийг босгосон бэ гэсэн асуултад нутгийнхан бахархалтайгаар “Манай эзэн Чингис хаан” гэж хариулах болно. Өвөг дээдсийнх нь нутагт аутсорсингийн дэлхийд байхгүй цахим цуглуулгын Foxconn гэдэг худалдааны  нэрээр алдартай “Hon Hai Procision Industry Co” вант улсыг байгуулж чадсан 59 настай Терри Гоу гэх Тайванийн бизнесменыг ингэж нэрлэдэг ажээ.

Агуу байлдан дагуулагчтай түүнийг адилтгах  нь бас учиртай. Хэдхэн жилийн дотор Терри Гоу цаг шиг ажилладаг аварга үйлдвэр, асар том шинжлэх ухаан-техникийн хүрээлэнг Хятадад байгуулж чадсан юм. Хамгийн гол нь Америкийн технологийн томоохон компаниудын бараг бүх “гадаад” захиалгыг авах. Зөвхөн энэ жил гэхэд л Foxconn 24 сая шинэ iPhone төхөөрөмжийг цуглуулж, захиалгын хэмжээгээрээ НР компанийн хоёр дахь том нийлүүлэгч нь болж байна. Терри Гоугийн вант улс ер нь юм бүгдэд шаламгай. Sony компанийн Playstation 2 ба Playstation 3 уу?, болж байна! Nintendo -д Wii гэнэ ээ?, тэгэлгүй яахав! Microsoft-д Xbox 360 уу?,  Motorola-д гар утас уу?,  Cisco-д тоног төхөөрөмж үү? Тэгэлгүй яахав, болно, болно! Мөнгөө өгөөд бай, дуртай зүйлийг чинь цуглуулаад өгье!

Захиалагч нарт ашигтай байлгүй яах билээ. Жишээ татахад л Apple-ийн шинэ смартфоны өөрийн өртөг 187,51 ам.доллар. Хятадын хямд ажлын хүчээр шүү. Энэ алдартай тоглоомын бөөний үнэ нь Америкт ой санамжийн багтаамжаасаа болоод 199 эсвэл 299 ам.доллар. Орлого гүйгээд л ирж байгаа. Өнгөрсөн улиралд гэхэд л Стив Жобсийн компанийн орлогын 40 хувийг  iPhone-ийн худалдаа босгожээ. Терри Гоу ч юу гэж хоосон үлдэх билээ. Forbes сэтгүүлийн чансааны жагсаалтад  Hon Hai компанийн ерөнхийлөгч 5,5 тэрбум долларын хөрөнгөтэй гэж захиалагч нарынхаа дараа бичигдсэн ба дэлхийн баячуудын жагсаалтын 136-д бичигджээ.

Түүнийг Чингис хаан гэж дууддаг


Тэрээр танго бүжигт дуртай. Гоу 2008 онд 36 настай бүжигчин од Делиа Цэнтэй гэрлэжээ.

Ер нь бол түүний хятад жинхэнэ нэр нь Го Таймин. Энд хэлний талаар бага зэргийн аян хэрэгтэй болох нь. Нэрийн “го” дүрс үсэг нь “улс” гэсэн үсэгтэйгээ ижил. Дундад улсад хүндэтгэгддэг энэ нэр түүний эзэн буюу өвөг дээдэс нь эзэн хаанд ойр байсныг гэрчилдэг. “Гоу” гэсэн дүрст үсэг нь хятадуудад муу утгатай. Тэр нь “нохой” гэж хараасантай адил. Яагаад Го Таймин өөрийн төрөлх нэрийг америкжуулсан талаар түүх өгүүлсэнгүй. Залуудаа түүний хятад нэр далайн чанадын нэрэнд хувирч байхад “ирээдүйн цахимын ван” дэлхийд алдаршихыг мөрөөдөөд “Go!” (“Урагшаа!”) гэсэн англи үг түүний эрмэлзэлд таарна гэж бодсон байх. Үнэн хэрэгтээ түүний нэрийг хараалаар дуудах хүмүүс Хятадад цөөнгүй гарч байгаа. Терри Гоугийн Шэньчэнийн үйлдвэрт олон хүн амиа хорлосон хэрэг гарснаас л тэр. Вантан ширүүн догшин, харамч гэдгийг яриад яах вэ…

Гол нь Терри Гоу хэзээ ч БНХАУ-ын иргэн байсангүй. Манай баатар 1950 оны аравдугаар сарын 8-нд Тайваньд хоёр Хятадын хооронд хүйтэн дайн ид өрнөж байхад төржээ. Дээр дурдагдсан Жеваньд түүний эцэг төрсөн ба цагдаа байхдаа 1949 хүртэл эрх барьж байсан Гоминьдан намд элсчээ. Япон Хятадад довтлон түрэмгийлсэн  (1937-1945 онууд) үед том Го цэргийн хүн болсон байлаа. Иргэний дайнд тэрээр хууль ёсны засаг Чан Кайшийн талд байлдаж байв. Генералисмусийг Маогийн арми дийлсний дараа тэрээр эхнэрийн хамт Тайваньд зугтан гарсан байна. Америкчуудын “живэгдэшгүй нисэх онгоц тээгч хөлөг” гэж нэрлээд байсан шинэ эх орондоо тэд анхны хүүгээ төрүүлсэн юм.

Хүүхэд ахуй цагаа Терри Гоу дурсах дургүй. Намын ахмад гишүүн хүний хүүгийн хувьд бага зэргийн ашиг тус байсан биз. Гэхдээ л тэр нь карьер хөөхөд хангалттай байж чадаагүй нь ойлгомжтой. Терри хөдөлмөрийн гараагаа нэгэн компанийн жижиг клеркээр эхэлсэн гэдэг. Гэхдээ удаан суусангүй. Үеийнхэнтэйгээ адил тэнгис далайг гатлан явжээ. Тэнд компьютерийн шинээр төрж байгаа нийгэмлэгийн “залуу арслангуудтай” танилцсан аж.

Далаад оны эхээр тэр өөрийн бизнесээ эхлэхээр Тайваньд эргэн ирлээ. Мөнгө хаанаас авах вэ? Амжилттай гэрлэсэн нь түүнд тус болжээ. Серена Линь түүний анхны эхнэр. Хадам ээжийн өгсөн мөнгөөр тэр 1974 онд Hon Hai компаниа байгуулж авлаа. Эхэн үед Терри Гоугийн удирдлага дор 10 хүн ажиллаж байсан юм. Бүтээгдэхүүн нь нарийн биш. Телевизийн хуванцар эд анги. Дараа нь компьютерт бас л тийм зүйлийг цуглуулж байлаа. Тэр үед  Гоу “даяарчлал” гэдэг үгийг сонсоогүй мэдээгүй байсан ч яг түүний талаар л бодож байсан бололтой.


Зөвхөн энэ жил гэхэд л Foxconn 24 сая шинэ iPhone төхөөрөмжийг цуглуулж,
захиалгын хэмжээгээрээ НР компанийн хоёр дахь том нийлүүлэгч нь болж
байна.

Цар хүрээг тэлэхийн тулд их мөнгө, хямд ажлын хүчин хэрэгтэй. Аавынхаа тосгоныг бодсон байх. “Лаобайсин” (“гүндүүгүй хүмүүс”) эх газрын Хятадад, тайваньчуудыг оруулдаггүй нутаг байсан болохоор тэднийг хэрхэн ашиглах билээ? Түүнд хэлхээ, холбоо ч байсангүй. Хамгийн гол нь хэрэгтэй газраа хэрэгтэй цагтаа байх. Өөртөө Тайванийн Засгийн газрыг хандуулах хэрэгтэй. Засгийн газарт мөнгө байгаа. Тайванийн Засгийн газар арлын эдийн засгийн үндэс болсон жижиг дунд үйлдвэртээ л мөнгө өгдөг. Харин Гоугийн эрмэлзэл маш дээгүүр байдаг. Гэсэн ч азын од нь түүний талд байлаа.

Тэр үед Тайванийг Чан Кайшийн хүү Зян Зинго удирдаж байв. Гуч, дөчөөд онд “Уралмаш” үйлдвэрт Николай Елизаров нэрээр инженерын туршлагаа авсан тэрээр эцгийнхээ үхлийн дараа засагт гарч ирэхдээ үйлдвэржүүлэлтийг сонирхохоо мартаагүй байв. Энэ талаар Гоу тэр хоёрын сонирхол нийлсэн юм. Тэд цахим төхөөрөмжийг шүтэн тэр үед Америкийн “Цахиуртын хөндийг” дүүргээд байсан нутаг нэгтнүүддээ найдаж байлаа. Мөн тэр үед Тайванийн дээд хэсэг дайнаар биш эдийн засгаар хоёр Хятадыг ойртуулах сонирхолтой байв. Энэ талд Гоугийн төслүүд тэдний бодлогод нийцэж байлаа. Тайвань үүгээр бага ч гэсэн албан бус харилцааг эх газрын Хятадын удирдлагатай тогтоох, Тайванийн бизнес нь эх газрын асар их зах зээлд орох ёстой байсан юм. Коммнистуудад ч үүнээс хөрөнгө оруулалт ирэхээс гадна шинэ технологи ирэх ёстой байлаа. Хоёр Хятадын хооронд яриа хэлцэл эхэлж байгаа нь Вашингтонд бас хэрэгтэй байв.

Hon Hai Precision Industry 1983 оноос эрчээ авсан нь шинжлэх ухааны судалгааны лабораторийн сүлжээ, үйлдвэрлэлийн төвүүд, бүх тивд олон төвтэй сүлжээг үүсгэхэд түлхсэн байна. Гоу 1988 онд эх газрын Хятадад анхны том үйлдвэрээ Шэньжэньд босгож ажилчдаар Шаньсигийн нутаг нэгтнүүдээ авчээ. Компанийн хувьцаа 1991 оноос Тайванийн биржид зарагдаж эхэлсэн юм. Тэр үеэр Hon Hai үйлдвэрлэлийнхээ бүтцийг эрс өөрчилж эхэлжээ. Тэр нь практик дээр Терригийн “Build to Order” буюу “Хүссэн бүгдээ” гэх уриаг хэрэгжүүлсэн юм. Захиалагч нарын дизайнчид, бүтээгч нарын тархи толгойд ямар ч зүйл ороод ирсэн түүнийг Hon Hai Procision Industry богино хугацаанд номоор нь хийнэ гэдэг эргэлзээ захиалагч нарт төрөөгүй билээ.


“Гоу” гэсэн дүрст үсэг нь хятадуудад муу утгатай. Тэр нь “нохой” гэж хараасантай адил.

Нууц нь энгийн. Ихэнх эд анги компанийн байранд шуурхай хийгдэнэ. Чанарын давхар шалгалт, корпорацийн хатуу дэг журам олон зуун захиалагч нарт Террийг найдвартай гэсэн нэр хүндтэй болголоо. Gateway, Apple, IBM, Dell, HP, Cisco, Nokia, Motorola, Sony зэрэг олон алдартай компаниуд Террийг гүйцэтгэгчээрээ сонгосон билээ.  Foxconn мэтийн компаниудын зарчим энгийн. Мэргэжлийн хүмүүсийг мэргэжилгүй үйлдвэрлэлийн дамжлага, механизм болгосон хүмүүсийн хяналтыг хийлгэхээр ашигладаг. Hon Hai компанийн эргэлт 2008 онд 80 тэрбум ам.доллар болж цэвэр ашиг нь 2,36 тэрбум байлаа.

Пролетарийн диктатур

Эцэст нь түүний бизнесийн туслах, 35 настай загвар өмсөгч асан Линь
Чилин түүнийг өөрийг нь татаж чангаан сексийн дарамт үзүүлсэн гэж шүүхэд
өгсөн байв.

Терри Гоу яс, цусны бизнесмен, хатуу захирагч, овжин дипломат гэдгийг түүнд дургүй хүмүүс ч зөвшөөрдөг. Түүний арга барил ээдрээтэй биш. Тэрээр “шударга диктатурын” төлөө. Жишээлбэл, хэрэв тэр өөрөө 16 цаг ажилладаг бол яг тийм байхыг бусдаас шаардана. Хэрэв тэрээр энгийн дэлгүүрээс авсан костюм өмсч байгаа бол бусад нь бас л тийм хувцастай байх ёстой гэнэ. Үүнээс үүдээд олны дунд нэг ийм явган шог гарчээ. “Хэрэв та Foxconn компанид ажиллаж байгаа бол яагаад фирмийнхээ пампресийг зүүхгүй байна вэ?”.

Түүний эрх мэдэл бүрэн дүүрэн. Ажилчин бүр нь түүний гаргасан дүрэм журмыг яс дагах бөгөөд мэдэж байх ёстой. Түүний дүрэм журам Маогийн жижиг улаан номыг санагдуулна. Тэр номондоо “Лидер бол дарангуйлагчийн адил зоригтой, шийдэмгий байх ёстой. Тэр цагт л хүмүүст сайхан үе ирнэ” эсвэл “Та өөрийн даргаас ямар нэгэн зүйлийг шаардаад байх юм бол тийм зуршлыг буруу гэж үзнэ” хэмээн Терри бичсэн байна.

Дашрамд хэлэхэд, Хятад дахь Hon Hai үйлдвэрийн сарын цалин 900 юань (131,77 ам.доллар) байсан юм. Энэ жилийн эхнээс уг үйлдвэрийн 11 ажилчин амиа хорлосны дараа тэдний цалинг 1200 юань болгожээ. Хүний эрхийн China Labor Watch байгууллага амиа хорлолтуудад тайлбар өгөхдөө “ Hon Hai компанийн ажилчдад илүү цаг ажиллан өөрийгөө болон гэр бүлээ тэжээхээс өөр зам байхгүй. Тэд ажлын их ачаалал, асар их шахалтад байгаа” гэсэн байв. Hon Hai компанийн цалингийн нэмэгдэл нь цэвэр орлогыг зургаан хувиар унагасан ба тэр дуулианы дараа компанийн хувьцаа 17 хувиар унажээ. Мөн түүн дээр Apple, HP ба Dell зэрэг захиалагч нар нь  Шэньжэнийн үйлдвэрт өөрсдийн шалгалтыг хийгээд Террид энэ хавар хүндхэн байлаа. Зургадугаар сарын сүүлчээр тэр Хэнаньд 300 мянган ажилтантай шинэ үйлдвэрийг барина гэж зарлав. Одоо  Foxconn-ийн Хятадын салбаруудад 800 мянган хүн ажилладаг!

Хавилын ван амьдралдаа тийм ч зожиг хүн биш. Тэрээр танго бүжигт дуртай. Тансаглалыг орхихгүй. Тайванийн тансаг хороололд 30 сая ам.доллараар бүтэн гурван давхрыг эзэлсэн пентхаус худалдан авчээ. Чехт 1991 онд бас л ийм хэмжээний мөнгөөр XVII зууны ангийн шилтгээнийг 4000 га талбайтай нь худалдан авсан байв. Түүнийгээ эхний эхнэрийн нэрээр  Casa Serena гэж нэрлэсэн байв. Хэд хэдэн гольфийн талбайг хийлгэсэн нь мэргэжлийн хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Гайхамшигтай хүү, охин хоёртой гэж ярьдаг. Кино үйлдвэрлэлд хүчээ үзэж байгаа хүү нь 34 настай  ба 32 настай охин нь санхүүгийн салбарын ажилтан.

Түүний анхны эхнэр нь 2005 онд 55 настайдаа хорт хавдраар өөд болсон юм. Үүнээс хоёр жилийн дараа ах нь бас тийм өвчнөөр нас баржээ. Эцэст нь түүний бизнесийн туслах, 35 настай загвар өмсөгч асан Линь Чилин түүнийг өөрийг нь татаж чангаан сексийн дарамт үзүүлсэн гэж шүүхэд өгсөн байв.  Шүүх түүнийг зөвтгөөд өнгөрсөн ба олны ярих нь мөнгө өгсөн байх гэдэг. Гоу 2008 онд 36 настай бүжигчин од Делиа Цэнтэй гэрлэжээ.

Түүний улс төрийн зуучлал хийж байсан нь талаар өнгөрөөгүй. Хоёр Хятадын хооронд агаарын шууд зам нээгдэхэд Тайванийн хоолойг гатлах анхны зөвшөөрлийг Терри Гоугийн Gulfstream нисэх онгоцонд өгч байжээ.

Ямар нэгэн хүнд зүйл тохиолдоход тэрээр “Туршлагатай усан цэрэг далайн шуурга бүрээ санадаг” гэж хэлэх дуртай. Тэгж хэлэхдээ зальтайгаар инээгээд “Күнз хэлсэн гэж бодож байгаа юм биш биз? Алдаж л байна даа. Үүнийг би Терри Гоу хэлж байна” гэж нэмэн чимэглэдэг.

Бэлтгэсэн Ш.Мягмарсамбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж