АНУ-д Ази гаралтай хүмүүсийн эсрэг халдах болов

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

АНУ-д Ази гаралтай хүмүүсийн эсрэг халдах болов

АНУ-д Ази гаралтай хүмүүсийн эсрэг халдах болов

Сүүлийн үед АНУ-д ялангуяа Окленд хотод Ази гаралтай иргэд, тэр дундаа өндөр настнуудын эсрэг гэмт хэргүүд өсчээ. Удаа дараа үйлдэгдсэн хэргүүдийн уршгаар хэд хэдэн ахмад хүнд бэртэж, нэг настан хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Гэмт хэргийн буруутнуудыг илрүүлэхээр цагдаа нар шаргуу ажилласнаар сэжигтэнг олж, баривчилж байгаа бөгөөд хятад хорооллынхон ч аюулгүй байдлаа хангахын тулд сан бүрдүүлэн, үйл ажиллагаагаа эхлүүлж, зарим алдартай одод нь сэжигтний талаар мэдээллийг өндөр үнээр урамшуулахаа амлаж буй.

Хэн хохирч байна вэ?

Нэгдүгээр сарын 28-нд Сан Франциско хотод Тайланд гаралтай 84 настай ахмад халдлагад өртөж, амиа алдсан харамсалтай хэргээс хойш ижил төстэй гэмт хэргүүд нэмэгдэж байгаа юм. Хэргийг эргэн санавал, 84 настай Вича Ратанапакди 08.30 цагт гудамжинд алхаж байхад нэгэн этгээд хурдтай гүйж ирэн түүнийг түлхэж унагаад зугтаж буй нь гудамжны хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Ратанапакди унан үедээ хүнд бэртэл авч, улмаар шархаа даалгүй хоёр хоногийн дараа эмнэлэгт амьсгал хураажээ. Сэжигтнийг баривчилсан байна.

Мөн нэгдүгээр сарын 29-нд нүүрэндээ баг зүүн, хагас автомат буугаар зэвсэглэсэн хоёр этгээд Окленд хотын Ази гаралтай иргэний гэрт гэгээн цагаан өдрөөр халдан дээрэм хийжээ. Хэдийгээр хохирогч гэмтэж бэртээгүй ч дээрэмчдэд гар утас, компьютер, бэлэн мөнгө, гурван галт зэвсгээ өгчээ. Гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхээр цагдаа нар ажиллаж байгаа аж.

Түүний дараа нэгдүгээр сарын 31-нд Окленд хотын хятад хороололд 91 настай эрэгтэй, 60 настай эрэгтэй, 55 настай эмэгтэй халдлагад өртөж, бэртжээ. Дээрх гурван хэргийг нэг этгээд үйлдсэн болохыг цагдаа нар мэдээлж байгаа юм. Тэдний дундаас 91 настай эрэгтэйн гэмт хэрэгтэнд түлхүүлэн газарт унаж байгаа дүрс гудамжны хяналтын камерт бичигдэн үлдсэн бөгөөд нийтэд ил болмогцоо олны бухимдлыг төрүүлэх болсон юм. Бичлэг цахим орчинд хурдтай тархаж, азичууд дэлхийн өнцөг булан бүрээс дуу хоолойгоо өргөж, ази хүнийг ялгаварлан гадуурхах үзлийг арилгахыг уриалж эхэлсэн юм. Түүнчлэн дээрх хэргийг үйлдсэн хүний талаар чухал мэдээлэл өгсөн хүнийг 25 мянган ам.доллараар урамшуулна хэмээн Даньел Ву, Даньел Да Ким жүжигчид амласан юм. Харин Окленд хотын цагдаагийн газрын шинэ дарга ЛеРонне Армстронг сэжигтэнг баривчилснаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Түүнчлэн хоёрдугаар сарын 3-нд Нью Йорк хотод 61 настай Ноел Куйнтана ажилдаа явж байхдаа халдлагад өртөж, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон байна. Түүний мэдүүлснээр Куйнтана ажилдаа явах замдаа метронд нэг хүнтэй маргаан үүсгэжээ. Тийнхүү маргалдсан хүнтэйгээ ярилцаад зогсож байхад нь түүн рүү нэгэн этгээд удаа дараа өшиглөснийг болиулах гээд эргэн хартал гэмт хэрэгтэн биед нь халдаад зугтаасан байна. Харамсалтай нь Куйнтанагийн хамраас цус алдаж байхад хэн ч туслаагүй бөгөөд метро зогсоход тасалбар шалгагч түүнийг анзаарч түргэн дууджээ. Өдгөө түүний биеийн байдал сайжирсан ч сэжигтэн олдоогүй байгаа аж.

Цагаан сарын гэмт хэргүүд

Дээрх хэргүүдээс гадна Азийн ихэнх орнуудын тэмдэглэдэг аргын тооллын шинэ жил буюу цагаан сарын үеэр АНУ-д ажиллаж амьдардаг азичуудыг дээрэмдэх, сүрдүүлэх, зодож танхайрах, дэлгүүр хоршоог нь сүйтгэх зэрэг гэмт хэргүүд олширчээ.

Жишээлбэл, Ари Даохуан хэмээх залуу эмэгтэйг харьж явахад дөрвөн этгээд халдан гар буу тулган дээрэмдэж, машиныг нь аваад зугтсан байна. Аригийн мэдүүлснээр сэжигтнүүдийн хоёр нь буутай байсан гэнэ. Түүнчлэн тухайн үед гудамжинд дүүрэн хүмүүс байсан ч хэн ч түүнд туслаагүй, үг дуугараагүй аж. Тэрбээр машиныхаа үнийг төлөх гэж гурван ажил зэрэг хийдэг байжээ.

Дээрхтэй төстэй байдлаар Окленд хотод нэгэн залуу бүсгүй дээрэмдүүлж байгаа нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Тус хэрэг болсон газрын ойролцоо хоёрдугаар сарын 6-нд 70 настай эмэгтэй дээрэмдүүлсэн юм. Хэргийг эмэгтэйн ач охин гар утсан дээрээ бичиж баримтжуулжээ. Бичлэгээс үзэхэд хоёр этгээд эмэгтэйг түлхэж газарт унагаад цүнхийг нь авч зугтсан байна.

Түүнээс гадна Окленд хотод үйл ажиллагаа явуулдаг Ази эзэнтэй нийт 20 орчим дэлгүүр, хоршоо, үйлчилгээний газрууд халдагад өртөн сүйтгэгджээ. Мөн Балтимор хотод дөрвөн ази зоогийн газар сүйтгэгдсэн байна.

Гэмт хэргүүдийг хэн үйлдэж байна вэ?

Цагдаа нарын шаргуу ажиллагааны дүнд дээрх хэргүүдийн заримынх нь сэжигтнүүд олдсон бөгөөд өдгөө эдлэх ялаа хүлээн баривчилгаанд сууж байгаа гэх. Түүнчлэн зарим хэргүүдийн хяналтын камерт бичигдэн үлдсэн дүрсүүд болон гэрчүүдийн мэдүүлэг дээр тулгуурлан сэжигтнүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр буй.

Сан Франциско хотод амиа алдсан 84 настай эрэгтэйн хэрэгт 19 настай Африк гаралтай Энтони Ватсонг баривчилжээ. Мөн Окленд хотод болсон цуврал халдлагын хэрэгт 28 настай Яхья Муслимыг баривчилсан байна. Муслим өмнө нь хоёр ч удаа гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан бөгөөд дээрх хэргийг үйлдэхдээ батлан даалтанд гарсан байжээ.

Түүнчлэн нэгдүгээр сарын 29-нд болсон зэвсэгт дээрмийн хэргийн сэжигтнүүд нь камерийн бичлэгээс харахад хоёул Африк гаралтай этгээдүүд байж. Мөн хоёрдугаар сарын 3-нд Нью Йорк хотод болсон халдлага, Окленд хотод цагаан сарын үеэр болсон дээрмийн хэргүүдийн сэжигтнүүд бүгд Африк гаралтай этгээдүүд аж.

Эсэргүүцэл

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Окленд хотод Ази, Африк гаралтай хүмүүс цугларан сүүлийн үед азичууд, ялангуяа ази хөгшчүүдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүдийг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаал хийжээ. Жагсаалд ойролцоогоор 500 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний олонх нь сүүлийн үед болж буй гэм хэргүүдийн хохирогчидтой найз, нөхөд, төрөл садангийн холбоотой аж.

Жагсаалд Окленд хотын хар арьстнуудын сүмийн толгойлогчид тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс хамтран оролцож, дуу хоолойгоо өргөсөн байна. Тэд дээрх гэмт хэргүүдийг ихэвчлэн өнгөт арьстнууд үйлдэж байгаад харамсч буйгаа илэрхийлэн, Ази, Африк гаралтай америкчууд эвтэй байх нь чухал хэмээн тайлбарлажээ.

Хэрэгжүүлж буй арга хэмжээ

АНУ даяар бүх цагдаагийн хэлтсүүдэд Ази гаралтай иргэд, ялангуяа өндөр настнуудыг хамгаалахад онцгой ач холбогдпол өгөн анхаарал хандуулах тусгай алба нээжээ. Түүнээс гадна хятад хорооллын иргэд нийлэн сан бүрдүүлж, аюулгүй байдлаа хангахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус санд 62 мянга орчим ам.доллар цуглажээ.

Эх сурвалж: CBS NEXTSHARK NBC ABC PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж