АНУ-ын Нью-Жерсид төвтэй өнгө судлал, стандарчиллын “Pantone” институтээс 2021 оны трэнд өнгийг тодорхойлжээ. Ингэхдээ нэг жил хоёр өнгийг сонгосон байна. Тус институтээс тодорхойлсон трэнд өнгө нь тухайн жилдээ дэлхийн өнцөг булан бүрт загвар зохион бүтээгчдээс эхлээд барилгын дотоод заслын мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байхаас гадна аливаа компани бизнесүүд ч тухайн өнгийг өөрсдийн бизнесийнхээ үйл ажиллагаанд түлхүү ашигладаг.
1950 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж буй “Pantone” институт нь 2000 оноос эхлэн тухайн жилийн тренд өнгийг нэрлэсээр ирсэн юм.
Дэлхийн тэргүүлэх алдартай брэндээс эхлээд бүхэл салбарын хэмжээнд ямар өнгө давамгайлахыг тодорхойлдог энэхүү нэр хүндтэй институт 2021 оны тренд өнгөнүүдийг “Ultimate Grey” буюу үндсэн саарал болон “Illuminating” буюу пастель шар өнгө хэмээн нэрлэсэн байна. Саарал болон гэрэлтсэн шар өнгөний нийлэмж нь итгэл найдвар, урам зориг, бат бөх, мөнхийн үргэлжлэлийг илтгэнэ хэмээн тус институтээс мэдэгджээ. Өмнөх жил сонгодог хөх өнгийг нэрлэж байсан бол 2019 онд байгалийн шүрний өнгө трэнд өнгөөр тодорч байв.
Саарал өнгө нь хүч чадал болон тэсвэр хатуужил, найдвартай байдлыг илэрхийлдэг. "Байгальд бол энэ нь далайн эрэг дээр байдаг хайрга чулуунуудаар тодорхойлогдох өнгө. Тэд байсан газартаа байж л байдаг бөгөөд ойрын хугацаанд хаашаа ч алга болохгүй. Саарал бол бидний найдаж болох, үргэлж дэргэд байх тэсвэр тэвчээртэй зүйлийг илэрхийлдэг өнгө юм. Харин пастель шар буюу нарны туяаны өнгө нь тасралтгүй үргэлжилсэн байдлыг илэрхийлж байгаа. Ихэнх хүмүүсийн хувьд багаасаа л шар өнгийг найдвар, эерэг мэдрэмж болон ямар нэгэн сайхан зүйлийн хүлээлттэй холбож харсаар ирсэн. Энэ өнгө нь үргэлж л найдвар төрүүлдэг" хэмээн “Pantone” институтын мэргэжилтнүүд ярьжээ.
Дээрх хоёр өнгө нь бие биенээ илүү тодотгон харагдуулдаг бөгөөд дэлхий дахинаа үүсээд буй тодорхой бус нөхцөл байдлыг даван туулах итгэл найдвар тээн бүх зүйл илүү сайхан болно гэх гүн гүнзгий утга өгүүлж буй аж. Түүнчлэн, хорвоо ертөнцийн бүх зүйлс харилцан хамааралтай аж төрж байгааг харуулахыг зорьсон байна.
Энэ хоёр өнгө дэлхийн загварын томоохон брэндүүдийн коллекциудад шингэж эхэлжээ. Тухайлбал, пастель шар өнгө нь “Prada”, “Jacquemus”, “Gucci” болон “Givenchy” брэндүүдийн 2021 оны хавар зуны цуглуулгуудад давамгайлсан байна. Өнгө бол хүн нүдээрээ хараад татагдахаас гадна сэтгэл санаанд шууд нөлөөлдөг зүйл. Тиймээс бизнесийн аль ч салбарт тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг илтгэх өнгө хэрэглэгч, үйлчлүүлэгчийн тань сэтгэл зүйг удирдаж байдаг гэсэн үг. Та зөв өнгөө сонговол үйлчлүүлэгчийг тань ядах юмгүй татах бол буруу өнгө таны үйлчлүүлэгчийг үргээж орхидог.
Эх сурвалж: Pantone
Холбоотой мэдээ