Аминаас үнэтэй албан тушаал байх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Аминаас үнэтэй албан тушаал байх ёсгүй

Аминаас үнэтэй албан тушаал байх ёсгүй

Төрөөд удаагүй эх, нярайг хөхөө өвлийн хүйтнээр гэрийн халаад, шаахайтай нь гарган, хүнлэг бусаар хандсаны хариуцлагыг хүлээж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон атал “Бид буруугүй” гээд биеэ өмөөрцгөөж байсан “Өргөө” амаржих газарт нярай эндсэн харамсалтай хэрэг гарав.

Болсон явдлыг тодруулбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс кесарево хагалгаагаар төрөх заалттай ирсэн 39 настай эхийг “Өргөө” амаржих газрын эх баригч эмч өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргаж, өөрчилснөөс нярай энджээ.

Дүүргийн эмч юу мэддэг юм бэ гэж басав уу, эсвэл энд дахиад л сэтгэл дутав уу… Эмчийн алдаанаас болж, шинэ хүнээ хүлээн авахаар догдолж байсан гэр бүл харуусал, гашуудал дунд өдөр хоногийг өнгөрөөх боллоо.  Үнэхээр харамсалтай.

Уг нь тус амаржих газрынхан алдаанаасаа сургамж авах цаг нь хэдийнэ болсон байлтай. Учир нь, хоёр жилийн өмнө тус эмнэлэгт эх, нярайн хамтаар эндсэн зүрх зүсэм хэрэг болсон. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлсөн байсан ч шүүхэд зарга мэдүүлж, шүүгч түүнийг “буруугүй” гэдэг шийдвэр гаргаснаар эргэн албан тушаалдаа томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч эрдэнэт хүний амийг албан тушаалаас дорд үзээгүй бол өнөөдөр ийм харамсалтай хэрэг дахин давтагдаа ч уу, үгүй ч үү.

Болсон хэрэг явдалтай холбогдуулж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлөөд байна. Мөн тус газарт дараагийн шинэ удирдлага томилогдтол Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллахаар болж, ажилдаа ороод байна, зөв.

Уг нь Г.Баясгаланд хариуцлага тооцсон шийдвэрийг Засгийн газар танхимаараа огцорсон тэр үед Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэд дарга нь гаргасан ч тэрбээр "Би буруугүй" гээд хүлээн зөвшөөрөлгүй, албан тушаалаа үргэлжлүүлэн хашсан. Харин энэ хооронд нярай эндээд байна.

Нярай эндсэн энэхүү хэрэгт зөвхөн удирдлага албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр хариуцлага эцэслэх учиргүй. Төрөлтийг удирдсан, хянасан эмч ч давхар хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдөх ёстой.

Шинэ хүнээ алдсан гэр бүл ч шүүхэд хандаж, буруутай хүмүүст хариуцлагыг давхар хүлээлгэх ёстой. Ингэж байж, эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн танил тал, өнгө, мөнгө хардаг ёс зүйгүй, сэтгэлгүй хандлага өөрчлөгдөнө.

Эмч нарын буруугаас болж, алдаа гарахад дарга нь чөлөөлөгдөөд дараагийн шинэ хүн ирж удирддаг одоогийн энэхүү систем эрүүл мэндийн салбарт гарч буй алдааг засах хангалттай шалтгаан болж чадахгүй байсаар өнөөдрийг хүргэлээ.

Нэг үгээр хэлбэл, өчигдөр гарсан алдааг маргааш нь тэд мартаж байна.

Эцсийн дүндээ энэ нь мөнгөгүй бол өвдөж болдоггүй, үр хүүхэдтэй болж болдоггүй адгийн нийгэмд амьдрахад хүргэж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаас хүсэхэд "Өргөө" амаржих газарт "их цэвэрлэгээ" хийх хэрэгтэй. Уг газраар үйлчлүүлсэн эхчүүд эмч нарынх нь харилцаа, хандлага халширам, мөнгө өгөхгүй л бол сэтгэл амар төрөх боломжгүй байсан тухай ярьдаг. Энэ буруу хандлагыг өөрчилж, засах нь менежментийн баг ажиллуулахын зорилго орших болов уу.

Ер нь мөнгө нэхдэг, гар хардаг энэ ёс зүйгүй үйлдэл төрийн өмчит эмнэлэгт газар авсан үзэгдэл гэж хэлж болно. Хууль, журамд заасны дагуух шаардлагатай мөнгийг өвчтөн гаргах нь зүй ёсны боловч түүнээс давуулж нэхсэн тохиолдол бишгүй. Хүнээ аврахын тулд ар гэр нь байгаагаа бариад л гүйнэ. Байхгүй бол зээл тавьж, зарж борлуулж болох юу байна түүнийгээ худалдана. Зэрэгцүүлээд танил тал хайна. Шинэ сайд эдгээр асуудалтайгаа ч халшралгүй тэмцэх ёстой.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж