Том Бреди Майкл Жордан, ЛеБрон Жэймс нараас илүү юу?

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

Том Бреди Майкл Жордан, ЛеБрон Жэймс нараас илүү юу?

Том Бреди Майкл Жордан, ЛеБрон Жэймс нараас илүү юу?

NFL буюу Үндэсний хөлбөмбөгийн лигийн 2020 оны улирал өнгөрсөн долоо хоногт өндөрлөж, аварга багаа тодрууллаа. Энэ удаагийн 55 дахь “Super Bowl”-ийн тоглолтонд NFC буюу Үндэсний хөлбөмбөгийн конференцийн аварга Тампа Бэй Букканирс болон AFC буюу Америкийн хөлбөмбөгийн конференцийн аварга Канзас Сити Чифс багууд тааран тоглосон юм.

Цар тахлын улмаас NFL-ийн удирдлагуудын зүгээс улирлын өмнөх нөхөрсөг болон хилийн чанадад болдог уламжлалт тоглолтуудаа цуцалж, 2021 оны Pro Bowl буюу Бүх оддын тоглолтоо зохион байгуулаагүй билээ. Багуудын хувьд ч улирлын өмнө багагүй өөрчлөлтүүдийг хийсэн. Тодруулбал, Оакланд Райдерс баг хотоо сольж, Лас Вегас Райдерс гэх нэртэй болсон бол Вашингтон Редскинс баг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх аяны нөлөөгөөр Вашингтоны хөлбөмбөгийн баг хэмээх нэртэй болов.

Том Бреди, Кэм Ньютон хоёр бууриа сэлгэв

Домогт Том Бреди NFL-ийн өнгөрөгч улирлын онцлох хүн байлаа. Өдгөө 43 настай тэрбээр улирлын өмнө 19 жил хүчин зүтгэсэн Нью Ингленд Пэтриотс багаасаа явж, Тампа Бэй Букканирс багтай хоёр жилийн 50 сая ам.долларын гэрээ байгуулсан. Харин түүний үлдээсэн орон зайг нөхөхөөр цагтаа NFL-ийн улирлын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарч байсан Кэм Ньютон Нью Ингленд Пэтриотс багт ирсэн юм. Гэвч Кэм Ньютон шинэ багтаа Том Бреди шиг нөлөө үзүүлж чадаагүй. Ньютоныг эгнээндээ нэгтгэсэн Пэтриотс баг плей-оффын шатыг өнжсөн бол Том Бреди 2007 оноос хойш плей-оффын шатанд ч шалгарч үзээгүй байсан Тампа Бэй Букканирс багтэй нэгдсэн эхний улиралдаа шууд “Super Bowl”-ийн эзэн болсон юм.

Энэ нь домогт квотербекийн долоо дахь аваргын цом байв.

Том Бредиг даган түүний итгэлт анд Роб Гронковски ч Тампа Бэй Букканирс багт нэгдсэн. Өдгөө 31 настай тэрбээр 2019 оны гуравдугаар сарын 24-ний өдөр их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан ч нэг жилийн дараа Том Бредитэй нэгдэхээр Тампа Бэй Букканирс багтай гэрээ байгуулав.

Том Бреди, Роб Гронковски нар хамтдаа “Super Bowl”-ийн аваргын цомыг дөрвөн удаа хүртээд байна.

Аарон Рожерс, Том Бреди нар MVP болов

NFL-ийн түүхэн дэх хамгийн агуу хоёр квотербекууд хоёулаа MVP-ээр тодров. Аарон Рожерс Грин Бэй Пэкерс багийнхаа хамтаар конференцоо тэргүүлж, плей-оффын шатанд шалгарсан ч харамсалтай нь,Том Бредигийн Тампа Бэйд хожигдон улирлаа өндөрлүүлсэн. Гэвч Аарон Рожерст харамсах зүйл байсангүй тэрбээр 2020 оны NFL-ийн улирлын MVP буюу “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарсан. Өдгөө 37 настай тэрбээр тамирчны замналдаа ийнхүү гурав дахь удаагаа улирлын MVP-ээр тодорсон юм.

Харин Том Бредигийн хувьд шинэ багтайгаа аварга болж, өөрөө “Super Bowl”-ийн “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорсон. Тэрбээр мэргэжлийн лигт 20 улирал тоглохдоо 10 удаа “Super Bowl”-ийн төлөө өрсөлдөж, долоод нь түрүүлснийхээ дотор таван удаа “Super Bowl”-ийн MVP-ээр шалгарчээ.

“Super Bowl”-ийн эргэн тойронд

Энэ улирлын “Super Bowl”-ийн тоглолтыг 91.63 сая хүн үзсэн нь 2006 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт байлаа. Харин энэ тоглолтын завсарлагааны үеэрх 30 секундын телевизийн рекламны үнэ 5.5 сая ам.долларт хүрсэн тухай CBS телевиз мэдээллэв. Энэхүү алтан боломжийг Budweiser, Coca-Cola, Hyundai, Pepsi, DraftKings, Logitech, Amazon Studios, Universal Pictures зэрэг дэлхийн томоохон компаниуд ашигласан аж.

Мэдээж жил бүрийн “Super Bowl”-ийн урлагийн үзүүлбэрүүд үзэгчдийг татдаг. Өнгөрсөн жил Женнифер Лопез, Шакира нар хамтдаа тоглолтын завсарлагаанаар шоугаа толилуулсан бол энэ улирлын завсарлагааны шоуг Weeknd чимсэн.

Том Бреди Майкл Жордан, ЛеБрон Жэймс нараас илүү юу?

Долоо дахь аваргын цом хүртсэн Том Бреди Америкийн мэргэжлийн спортын түүхэнд аварга авсан тоогоороо домогт сагсан бөмбөгч Майкл Жорданыг гүйцэв. Үүний дараа АНУ-ын мэргэжлийн спортын түүхэнд хэн хамгийн агуу тамирчин бэ хэмээх яриа гарч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан BetOnline компанийн зүгээс Америкийн 50 мужийн 130 мянган иргэдийн жиргээнд дүн шинжилгээ хийж, аль тамирчин нь хамгийн агуу нь вэ гэдгийг тодруулжээ.

Тус судалгааг харвал, АНУ-ын улсын 20 муж Том Бредиг хамгийн агуу нь гэж үзсэн бол NBA-ийн зургаан удаагийн аварга Майкл Жорданд 11 муж, NBA-ийн дөрвөн удаагийн аварга ЛеБрон Жэймсд мөн 11 муж, харин талбайн теннисний гранд сламын 23 удаагийн түрүүтэй Серена Уиллиамсд дөрвөн муж тус тус саналаа өгчээ. Мөн NFL-ийн домог Пэйтон Мэннингт Индиана муж, Аарон Рожерст Висконсин муж, NFL-ийн домог Жой Монтанад Калифорни муж, мөн NFL-ийн домог Жон Эйлвид Колорадо муж тус тус саналаа өгсөн ажээ.

Дээр дурдсанчлан Том Бреди аварга авсан тоогоороо Майкл Жорданаас илүү байгаа бол Майкл Жордан MVP болон финалын MVP болсон тоогоороо Том Бредигээс илүү байна.

Super Bowl: Патрик Махомесийн эсрэг Том Бреди

55 дахь удаагийн Super Bowl Флорида мужийн Тампа хотын Рэймонд Жэймс цэнгэлдэхэд буюу Тампа Бэй Букканирс багийн талбайд 25 мянган үзэгчийн өмнө зохион байгуулагдсан. Тоглолтын эхнээс л Тамба Бэй Букканирс баг илүүрхэж, эхний хагаст л гэхэд гурван тачдаун гүйцэтгэв. Харин аваргаа хамгаалагч Канзас Сити Чифс багийн хувьд тун тааруу тоглолт үзүүлж, нийт тоглолтын туршид ердөө 9 оноо авав. Энэхүү тоглолтонд Канзас Сити Чифс багаараа тааруу тоглосныг дурдах нь зүйтэй. Ийнхүү тоглолт 31-9 гэсэн харьцаатайгаар өндөрлөж, Тампа Бэй Букканирс хоёрдахь удаагаа NFL-ийн аваргаар тодорсон юм.

Том Бреди сүүлийн 10 жил лигийг ноёрхсон бол Патрик Махомес лигийн ирээдүйн 10 жилийг эзэрхийлэх төлөвтэй байна. Өнгөрсөн жил багаа “Super Bowl”-д хөтөлж, аваргын цомыг хүртэж байсан Патрик Махомес энэ жил Том Бредид тахим буулгаж, аваргаа хамгаалж чадсангүй. Гэвч өдгөө 25 настай түүнд маш том ирээдүй бий. Одоогоор түүнд лигийн аварга, улирлын MVP, “Super Bowl”-ийн MVP гээд хүртэж үзээгүй хувийн болон багийн шагнал алга.

Патрик Махомес Канзас Сити Чифс багтайгаа 10 жилийн 503 сая ам.долларын гэрээ байгуулж, дэлхийн спортын түүхэн дэх хоёрт орохоор өндөр үнийн дүнтэй гэрээнд гарын үсэг зурсан. Тэгвэл сагсан бөмбөгийн домогт тоглогчид болох Майкл Жордан болон Коби Брайант нар тамирчны замналдаа нийлээд 417 сая ам.долларын гэрээ үзэглэж байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж