Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өчигдөр /2021.2.16/ боллоо. Хурлаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв. Мөн эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлэх аж. Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзлээ.
Хүнсний зах, бөөний төвүүдийг шат дараатай нээж байгаа учир зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгав. Хаваржилт хүндэрч байгаа аймгууд болон отроор яваа малчдад өвс, тэжээлийн тусламж, төрийн үйлчилгээг тухай бүр нь хүргэж байхыг аймгуудын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Онцгой комиссын зарим шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.
Холбоотой мэдээ