УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуул& хуралдуулахгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

VS - СЭДЭВ 360

УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуул& хуралдуулахгүй

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарласны  дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага үүссэн тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хоёрдугаар сарын 1-нд албан бичгээр хүргүүлсэн бол хоёрдугаар сарын 10-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах асуудлаар хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүссэн.

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага үүссэн шалтгааныг Ерөнхийлөгч цар тахлын нөлөөгөөр олон мянган өрхийн амьжиргаа доройтож хүндэрсэн тул өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн, үндэсний үйлдвэрүүдээ ч  хүндрэлээс гаргах ёстой хэмээн үзсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа эл асуудлыг хөндөн талуудын байр суурийг онцолж байна.

 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 

Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордох, аж ахуй, бизнес, үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улмаар улс орны эдийн засгийн байдал эрс хүндрэн доройтох бодит эрсдэл бий болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Үүний хажуугаар улс төрийн хүрээний тодорхой бүлэглэл, түүнд хамаарах улстөрчдийн зүгээс явуулж буй хүний санаанд оромгүй, бохир, зохион байгуулалттай, үндэсний эв нэгдлийг бусниулах хэмжээний увайгүй, бас болчимгүй улс төрийн үйл ажиллагаа улс орон, ард иргэдийн амьдралд дарамт нэмж мэдэхээр болж байна. 

Тухайлбал, шинэ он гарснаас хойших богинохон хугацаанд ганцхан өдрийн дотор Засгийн газрыг огцрууллаа, УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлалаа, Монгол Улсын маань иргэн, улс орны ирээдүй болсон нэгэн залуу төв талбай дээр өөрийгөө шатаан хөнөөлөө.

Улс орон, ард иргэдийн амьдрал болоод нийгэм, эдийн засгийн байдал ийм эгзэгтэй, хүнд байхад төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд амарч, завсарлаад байж таарахгүй гэж үзэж байна.

Иймд дараах төслүүдийг хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна:
  • Цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээр дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих зорилготой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх,
  • Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх,
  • Оюутолгойн ордыг тойрсон ноцтой баримт, мэдээллүүдийг шалгаж буй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах асуудлын хүрээнд УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай.  

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Нэгд, өрх бүрд нэг сая төгрөг өгөх мөнгө байхгүй.Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу заавал Засгийн газраас санал авч байж төсвийн тодотгол, Төсвийн хууль санаачлах ёстой. Оффшороос мөнгө орж ирээгүй. Монгол Улс 837417 өрхтэй. Энэ бүх өрхөд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх нэг их наяд төгрөгийн оффшор, авлигын мөнгө орж ирээгүй. Мөнгө орж ирээгүй байхад мөнгө хуваарилах хууль УИХ батлах боломжгүй.

Хоёрт, Ерөнхийлөгч зөвхөн тогтоолоор мөнгө хуваарилах санал оруулж ирсэн. Төсвийн тухай хуулиар заавал төсвийн тодотгол хийж байж төсвийн нэгдсэн санд орлого, зарлага нь бүртгэгдэж байж мөнгө олгоно. Тиймээс Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу ээлжит бус чуулган хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Нэг сая төгрөг өгөхгүй гээд байгаа юм биш, мөнгө байхгүй. Байхгүй мөнгөний асуудлаар чуулган хуралдах боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж