"Монгол технологио сайжруулаагүйгээс вакцин хийж чадаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.02.17-нд нийтлэгдсэн

"Монгол технологио сайжруулаагүйгээс вакцин хийж чадаагүй"

"Монгол технологио сайжруулаагүйгээс вакцин хийж чадаагүй"

Монгол Улс Covid-19-ийн эсрэг вакциныг харьцангуй хямд үнээр авч, иргэддээ хүртээмжтэй нийлүүлэх зорилтыг дэмжин, Дэлхийн банк 50.7 сая ам.долларын санхүүжилтийг хоёрдугаар сарын 12-ны өдөр баталсан билээ. Энэхүү төслийн хүрээнд нийт хүн амын 60 хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хоёр  сая гаруй иргэнийг  хоёрдугаар сарын 23-аас эхлэн үе шаттайгаар вакцинжуулалтад хамруулж эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Манай улсын хувьд 

  • АНУ, Германы хамтарсан“Pfizer”
  • Оксфордын их сургуулийн “AstraZeneca”
  • Хятадын "Синофарм"
  • Оросын "Спутник V" вакциныг оруулж ирэхээр төлөвлөж буй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ДАНДАА БАЙХГҮЙ БОЛГОЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ

Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, академич П.Нямдаваа Эрүүл мэндийн яамны албан ёсны пэйжээр өчигдөр /2021.02.16/  орой  вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр” Вакцин уудаг, тариулдаг, хамраар татдаг янз бүр байна. Вакциныг тухайн өвчний үүсгэгчээс гаргаж авдаг. Хамгийн анх хүн төрөлхтөн цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг гаргаж авч байсан. 1920 оны дундаас хуучин ЗХУ-ын эмч нарын тусламжтайгаар шинэ үеийн анагаах ухаан хөгжиж, цагаан цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэлсэн. Тус өвчний эсрэг вакцин нэвтрүүлснээр ойролцоогоор 1 сая гаруй хүний амь насыг аварсан. Ингээд цагаан цэцэг  өвчин манай улсад 1940-өөд оноос хойш огт гараагүй. Гэтэл хүчирхэг эдийн засагтай АНУ,Япон, Хятад, Энэтхэгт цагаан цэцэг өвчин гарсаар байсан. Вакцин нь халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх маш чухал зэвсэг юм.

Харамсалтай нь, Монгол Улс вакцин боловсруулах технологио улам сайжруулаагүйн улмаас хүнд хэрэглэх ганц ч вакцин хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл,  вакцин үйлдвэрлэх арга технологийн хувьд бид ухарсан. Манай эрүүл мэндийн салбар үйлдвэр үйлчилгээгээ дандаа байхгүй болгож ирсэн түүхтэй. 2000 онд манай улс Дархлаажуулалтын хуулийг баталсан. Вакциныг оруулж ирж хүнд тарих хүртлээ зөв хадгалах хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын дэд бүтэц хүйтэн хэлхээ чухал үүрэгтэй. ХӨСҮТ вакцин хадгалах том агуулахтай. Үүнийгээ хариуцсан нэгжтэй, сайн боловсон хүчинтэй” гэлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулдаг. Covid-19-ийн эсрэг вакцинд нийт хүн амын 60 хувийг хамруулна. Вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг гурван түвшинд бэлтгэсэн. Вакциныг 2-8 хэмд, мөн -20 хэмд хадгалах төхөөрөмж байдаг. Шинээр -70 хэмд хадгалах 26 ширхэг хөлдөөгч саяхан авсан. Мөн 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөргөгчтэй болсон. Ингэснээр гурван төрөлд хадгалах зориулалттай вакциныг үндэсний хэмжээнд хадгалах бүрэн боломжтой болсон. 

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 548 гаруй нэгж байдаг. Аймаг, дүүрэгт вакциныг хадгалах, түгээх зохицуулалт журмаар явна. Хамгийн гол нь тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагын хамгаалалтад явуулна. Эрүүл мэндийн байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэнд вакциныг хүлээлгэж өгнө. Зөөвөрлөх, тээвэрлэх тоног төхөөрөмж бэлэн. Вакцинжуулалтыг 548 цэгээрээ дамжуулж хийхээс гадна зай талбай томтой сургууль, цэцэрлэгийн заалыг ашиглаж хийнэ, судалгааг нь гаргасан байна. Мөн хүрч ажиллах боломжгүй газарт явуулын баг ажиллуулна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж