Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XIII ээлжийн цэргийн багийнхан Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тэд үндсэн үүргийнхээ зэрэгцээ дэлхийн орнуудын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулагддаг уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна.
Баазын удирдлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Dingo” байлдааны автомашин чирч, хурд хүч, авхаалж самбаагаа сорих тэмцээнд ХБНГУ, Швед улсын цэргийн алба хаагчидтай хамтарсан баг амжилттай оролцжээ.
Энэхүү уралдаанд 10 цэргийн алба хаагч нэг баг болон оролцдог бөгөөд багийн гишүүн бүр 25 литрийн устай сав өргөн, 10 метр зайд байрлах тэмдэгт тойрч, багаараа 11.9 тонн жинтэй “Dingo” байлдааны машиныг 59 метрт чирч, барианд ордог байна.
Үүнээс гадна эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах, бүрэлдэхүүний бие бялдрыг хөгжүүлэх ажлуудыг ч тусгай төлөвлөгөөний дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, алба хаагчдын хурд хүч, оюун ухаан, эв дүй шаардсан буухиа тэмцээнийг явуулахад ахлах дэслэгч Б.Түвшинжаргал, дэслэгч С.Оюунбат, ахлагч Т.Түмэн-Өлзий ахлагчтай багууд эхний байрт шалгарчээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ