Халдваргүй бүсэд хичээлийг танхимаар эхлүүлье!    

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Халдваргүй бүсэд хичээлийг танхимаар эхлүүлье!    

Халдваргүй бүсэд хичээлийг танхимаар эхлүүлье!    

Covid-19 цар тахлын хамгийн том хохирогч хүүхдүүд болж, хичээлийн хоцрогдолд орсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болжээ.

Хэдхэн хоногийн дараа гуравдугаар сар гарна. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг ирэх сарын 1-нээс танхимд шилжүүлэх үү, цахимаар үргэлжлүүлэх үү гэдэг эцсийн шийдлийг гаргаагүй байгаа ч салбарын яам нь хосолсон хэлбэрээр сургалтыг үргэлжүүлэх санал гаргаад буй. Харин багш нарын хувьд хичээлийг цахимаар үргэлжлүүлэх саналыг голчлон өгч буй мэдээлэл бий.

Цахим хичээлийн үр дүн, НҮБ-аас хийсэн судалгаа зэргийг түшиглэвэл Монгол Улс халдваргүй бүс нутагтаа хичээлийг танхимаар эхлүүлэх зайлшгүй шаардлага байна.

Учир нь Монгол Улс Covid-19-өөс сэргийлэн хилээ хаасан үеэс буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш бүх шатны сургалтыг цахимд шилжүүлсэн бол цар тахлыг дотоодод алдсан 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд сургалт цахимаар үргэлжилж буй юм. Үндсэндээ сурагчид хоёр жил орчмын хугацаанд цахим сургалтад хамрагдаж байна гэсэн үг.

Энэ хугацаанд хувийн хэвшлийн сургуулиудын цахим хичээлийн хөтөлбөр өнгөрсөн жилийнхээсээ илүү чанаржиж, сурагчдад хүрсэн бол төрийн өмчит сургуулийн цахим хичээлд үр дүн гарсангүй.

Тэр бүү хэл НҮБ-ын мэдээллээр 170 мянга гаруй хүүхэд теле хичээл үзэх боломжгүй нөхцөлд амьдарч буй судалгаа гарсан бол 2020, 2021 онд нэгдүгээр ангид элсэн суралцсан зургаан настнууд үсгээ бүрэн дүүрэн нүдэлж амжаагүйгээс унших, бичих чадварт хараахан суралцаагүй байна.

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын тайлбараар урьдчилсан тооцоогоор 174 мянган сурагч сургалтын хоцрогдолд орсон. Энэ нь нийт суралцагчийн 10 хувь гэсэн үг юм. Ирээдүйд ажилгүй, мэдлэггүй бүхэл бүтэн харанхуй үе гарч ирэх эрсдэл дагуулж буй.

Сурагч нэг хичээлийн жилд 165-180 хоног танхимаар хичээллэж байж мэдлэгээ авдаг. Гэтэл Covid-19 цар тахал гарснаас хойш 80 хувьд нь танхимаар хичээллэж чадаагүй. Үндсэндээ авах ёстой мэдлэгийнхээ 70-80 хувийг авч чадаагүй тул сургалтыг цахим болон танхимаар хийх асуудлыг хөндөж байна гэдгээ мэдэгдсэн.

Иймээс цар тахлын энэ хүнд үед нэг хэсэгт нь танхимаар хичээл заах хэрнээ нөгөө хэсэгт нь цахимаар зааж, ялгаа зааг гаргалаа гэж шүүмжлэхээсээ урьтаад нийтлэг эрх ашгийг хангахад анхаарал хандуулах цаг нь боллоо. Учир нь, эл салбарт өнөөдөр цэцэрлэгийн насны бяцхан хүмүүжигчдээ оруулбал 900 мянга гаруй хүүхэд суралцаж байна.

Тэдний чанартай боловсрол эзэмших эрхийг цар тахлын нөлөөгөөр боож болохгүй.

Монгол Улсын хувьд өнөөдөр цар тахлын голомтын бүс болсон ганц газар нь Улаанбаатар хот. Хяналтыг сайн тавьж чадвал аймгуудаа, сумтай нь Covid-19 цар тахлаас сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг өнгөрсөн хугацаанд гарсан үр дүнгүүд харуулж чадлаа. Хэдийгээр сар шинийн өдрүүдэд Дархан-Уул, Говьсүмбэр зэрэг аймгуудад халдвартай иргэн Улаанбаатар хотоос очсон байсан хэдий ч хараа хяналт сайн тавьж чадсаны хүчинд бүс нутагтаа алдалгүй, батлагдсан тохиолдлыг нийслэл рүү хүргэн, эмчилгээ хийж байна. Энэ жишгээр ажиллахад орон нутгууд хамгийн аюулгүй бүс хэвээр байх боломж бүрэн буй.

Тодруулж хэлбэл, нийслэлээс бусад аймаг, сумдад ирэх гуравдугаар сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэхэд болохгүй зүйлгүй мэт.

Нохойн дуу ч ойртож байна гэдэг шиг вакцины сураг ч гарч эхэллээ. Хатуу хөл хорио тавигдангуут эрсдэлтэй бүлгээс хүн амаа вакцинжуулах ажлыг эхлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдсэн.

Дэлхийн улс орнууд вакцинжуулалтыг эхлүүлснээр голомтлон гарч байсан цар тахлын хүрээгээ хумьж, халдварын тоогоо бууруулж чадсан сайн жишээнүүд ч олон гарлаа.

Одоо Монгол Улс алдаанаасаа суралцах цаг болсон.  Учир нь, өнгөрсөн жил халдвар дотоодод алдагдаагүй байхад сургууль, цэцэрлэгээ, бизнестэй нь хаасан нь маш том алдаа байсан нь өнөөдөр батлагдаж буй. Хэдийгээр вакцин бэлэн болоогүй байсан учраас эрсдэлийг тооцож, дээрх арга хэмжээг авах нь зүйн хэрэг байсан юм гэж өмгөөлж болох ч үнэндээ уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй хэр нь гутал тайлсан хэрэг болсон.

Одоо харин зориг гаргаад халдваргүй бүс нутагтаа хичээлийг танхимд шилжүүлэх шийдэл л хэрэгтэй байна.

Төрөөс 25 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж буйн цаад зорилго зөвхөн эдийн засгийг идэвхжүүлээд зогсохгүй хамгийн том хямрал нүүрлээд байгаа боловсролын салбараа ч давхар өөд татахад чиглэх учиртай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж