МАН-ын гишүүн бүр илүү эрхтэй!

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүн бүр илүү эрхтэй!

МАН-ын гишүүн бүр илүү эрхтэй!

Сүүлийн үед сошиалд идэвхтэй жиргэх болсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нүүр номоороо дамжуулан бяцхан “залруулга хийжээ.  Тэрбээр “Ардын нам дэлхийн арван улсын намтай гэрээ байгуулсан, “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т намуудын бүх шатны төлөөлөл, намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын гишүүдийн хооронд харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх, тэтгэлэгт хөтөлбөрт гишүүдээ хамруулах талаар тохиролцсон” тухайгаа тайлбарлаж.

Хятадын Засгийн газрын тэтгэлгээр 2021-2022 онд бакалавр, магистр, докторт суралцахыг хүсэгчдэд

  • -МАН-ын гишүүн байх,                          
  • -МАН-ын аль нэг байгууллагад ажилладаг бол давуу тал болно,
  • -МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр намын ажлын талаар мэдлэг туршлагатай, намыг гадаад улс орнуудад төлөөлөх чадвартай байх гэсэн шаардлага тавьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн.

Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг биш МАН-ын хамтын ажиллагааны хүрээнд явагдаж буй хөтөлбөр байж болно. Гэхдээ “Цаашид МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох залуустаа зориулаад хамтрагч нам, олон улсын байгууллагын шугамаар өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүд бий болгоно. Улс хөгжихийн үндэс нь эрдэм боловсролтой иргэд” гэх Ардын намын генсек Д.Амарбаясгалангийн үг иргэдээ үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл болж уншигдаж байна.

Эхлээд Ардын намын батлахтай хүмүүст “өөр олон боломж” олдоно, цаашдаа МАН-д элсээгүй бол монголчууд эрдэм боловсролтой, ажил орлоготой болж чадахгүйд хүрнэ. “Ах нам чамайг мэднэ” гэсэн үг.  Ёстой “ноосоо тушаачихлаа, эхнэрээ буцаачихлаа, намын батлахаа өгчихлөө” гэгч болж мэднэ.

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээндээ “Өнгөрсөн гучин жилийг цэглэж, цоо шинэ гучин жил эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй. Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хууль засагладаг шударга төр засагтай, шинэ Монголыг цогцлоох”-ыг амалсан нь 30 жилийн өмнөх рүүгээ ухарна гэсэн үг биш шүү дээ.

Улс төрийн намын тухай хуульд “…Монгол Улсын иргэний эвлэлдэн нэгдэх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох, зөвхөн нэг намын харъяалалтай байх, улс төрийн намд элссэний төлөө ямар нэгэн дарамт, шахалт, ялгаварлан гадуурхахыг хориглох, мөн ямар нэгэн давуу байдал олж авах үндэслэл болохгүй”-г суулгаж өгсөн.

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй олонх болохдоо “Улс төрийн намуудыг хэн нэгэн, хэсэг бүлэг болон явцуу ашиг сонирхолд бус, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын институц болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж амалсан. Ардын намын дарга У.Хүрэлсүх ч “Шударга сайхан нийгэмд амьдрахыг ард түмэн маань хүсч байна. Тэд ард түмнээ алагчилдаггүй, баян хоосноор нь ялгаварладаггүй, хууль дүрэм нь хэрэгждэг төр засагтай байхыг хүсч байна” гэсэн.

Гэтэл зөвхөн МАН-ын гишүүдэд зориулсан гадаадад сургах хөтөлбөр Монголын хүүхэд залуусыг үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварлаж,  ард түмнээ алагчилсан, намаар дамжиж амь, амьдралыг нь барьцаалж байгаатай ялгаагүй юм. МАН-ыг зөвхөн гишүүдийнхээ төлөө ажилла гэж ард түмэн үнэмлэхүй эрх мэдэл өгөөгүй байлтай. Монголд бүх хүн тэгш эрхтэй ч МАН-ын гишүүн бүр илүү эрхтэй гэж!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж