БНХАУ гэр бүл цуцлах тухай шинэ, нарийн төвөгтэй хууль баталсан нь удахгүй хэрэгжиж эхлэх гэж буй билээ. Тийнхүү гэр бүл цуцлуулах үйл явц удаан, төвөгтэй болохын өмнө амжиж салахаар хосууд яарч, сандран хошуурцгааж эхэлсэн байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан ч энэ жилээс эхлэн хэрэгжих гэж буй тус хуулинд зааснаар гэр бүл цуцлуулах хүсэлт гаргасан хосод шүүхээс 30 хоног шийдвэрээ дахин харах хугацаа өгөх бөгөөд тэр хугацаанд шийдвэр өөрчлөгдөхгүй бол шүүгч нэхэмжлэгчийн өргөдлийг харж үзэх, эсвэл дахин 30 хоногийн хугацаа өгөх сонголт хийх эрхтэй аж.
Цинхуа их сургуулийн хуулийн сургуулийн дэд ерөнхийлөгч, профессор Чен Шиаон хэлснээр, тус хууль нь сэтгэл хөдлөл төдийхнөөс болж салах хосуудын тоог багасгах зорилготой гэнэ. Тэрбээр “Зарим хосууд өмнө нь хүнтэй амьдарч үзсэн туршлагагүйдээ нэг нэгнийхээ дутагдлыг тэвчилгүй уур уцаараасаа болж салах шийдвэр гаргадаг. Харин салсныхаа дараа харамсах нь олон. Бид энэ мэт хөнгөн хуумгай шийдвэрээс болж салах хосуудын тоог цөөлөх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Үүнийг зарим мэргэжилтнүүд тун оновчтой гаргалгаа хэмээн сайшааж байгаа аж. Хятадын эрх баригчид хөл хорио тогтоосноор төрөлт ихэснэ хэмээн тооцоолж байсан ч эсрэгээр цар тахалтай тэмцсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинээр хүүхэд төрүүлэх иргэдийн тоо эрс буурчээ.
Түүнчлэн гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй хосуудын тоо огцом өсч, түүнийг дагаад цахим орчинд тус салбараар мэргэшсэн хуульчид эртнээс захиалга авч эхэлсэн байна. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэр бүл салалтын тоо Хятадад бүр эртнээс өсч эхэлжээ. Тухайлбал, "Блүүмберг" агентлагийн мэдээлснээр, хамгийн багадаа сүүлийн 15 жилийн турш Хятадад гэр бүл салалтын тоо тогтмол нэмэгдсээр байсан аж. Жишээ нь, 2003 онд Хятадад нийт 1.3 сая хос гэрлэлтээ цуцлуулсан бол 2018 онд энэ тоо 4.5 сая болж өсчээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ