Монгол Улсын жүдогийн шигшээ багийн тамирчин, Иран гаралтай Саид Моллаей өнгөрсөн Ням гаригт Тел Авивын Гранд Сламд оролцохоор Израил улсад очжээ. Түүнийг Бен Гурионы нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал дээр Израил улсын жүдогийн холбооны ерөнхийлөгч Моше Фонте угтаж авсан аж.
Израилд ирсэн даруйдаа Саид Моллаей хэвлэлд хандан “Тэмцээнд оролцохоор ирсэндээ баяртай байна. Намайг угтан авсанд болон бусад бүх зүйлд баярлалаа. Израилчууддаа сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн ярьжээ.
Моллаей нисэх онгоцны буудлаас шууд зочид буудал руу явж, тусгаарлалтад орсон байна. Түүнээс Сovid-19-ийн шинжилгээ авах бөгөөд хариу нь сөрөг гарч байж тэмцээнд оролцох ёстой аж.
Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саид Моллаей 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн дүрвэгч хэмээх статустай Герман улсад оршин сууж байгаа юм. Тэрбээр 2019 оны Япон улсад зохион байгуулагдсан жүдогийн ДАШТ-д Израилын Саки Мукитай учраа таарах боломжтой байсан учир Ираны албаны хүмүүс түүнийг албаар ялагдахыг тулгаж, эцэст нь Моллаей барилдалгүй тэмцээнийг орхисон.
Эх сурвалжуудын мэдээлснээр, тухайн үед Япон дахь Ираны тагнуулын ажилчид Саид Моллаейг дарамталж, Тегеран дахь гэр бүлийг нь заналхийлжээ. Ийнхүү дарамт шахалтад орсон Моллаей барилдахаасаа татгалзаж, удалгүй Иран улсын иргэншлээс татгалзаж, Монгол Улсын иргэншил авсан билээ.
Иран, Израил улсууд эртнээс таарамжгүй харилцаатай байж ирсэн. Иран улс Израил улсыг бүрэн эрхт улс гэж үздэггүй аж.
Холбоотой мэдээ