Кенийн нийслэл 550 сая доллараар замын түгжрэлээ “шийднэ”

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Кенийн нийслэл 550 сая доллараар замын түгжрэлээ “шийднэ”

Кенийн нийслэл 550 сая доллараар замын түгжрэлээ “шийднэ”

Зүүн Африкийн худалдааны төв болсон Кени улсын нийслэл замын түгжрэлээрээ алдартай хот билээ. Гэвч сүүлийн саруудад Найроби хурдны замын барилгын ажил эхэлснээр байдал улам хүндэрч, хотод машинтай явах аргагүй болсонд ард иргэд нь ихээр бухимдаж байгаа аж.

Зам барилгын ажил дуусмагц Найроби хот зарим хэсэг нь агаар дээгүүр үргэлжлэх 27 км урттай, Жомо Кениатта олон улсын нисэх онгоцны буудлыг баруун хэсгийн Накуру хурдны замтай холбосон шинэхэн хурдны замтай болох юм байна. Эл 550 сая ам.долларын төсөл амжилттай хэрэгжсэнээр Найроби хотын замын хөдөлгөөн түгжрэлээс ангижирч, олон улсын жуулчид хотыг үзэхэд ч ая тухтай болох учиртай аж.

Кенийн эрх баригчид тус хурдны замыг хотын хөгжилд зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалт хэмээн тодорхойлж байгаа юм. Хурдны зам барих тухай санаа анх 10 орчим жилийн өмнө хэлэлцэгдэж эхэлсэн ч сунжирч явсаар өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгч Ухуру Кениаттагийн зарлигаар барилгын ажлаа эхлүүлсэн байна.

Барилгын ажлын хурд хотын иргэдийг гайхшруулж, тун удахгүй түгжрэлээс ангижрах найдвар төрүүлж эхэлжээ. Гэвч барилгын ажлаас болоод түгжрэл нэмэгдсэн, барилгын дуу чимээ, тоос шороо ихээр босох зэрэг орчны болоод дуу чимээний бохирдол ард иргэдийг бухимдуулж, эрх баригчдыг "Хангалттай төлөвлөгөөгүйгээр барилгын ажил эхлүүлсэн" хэмээн шүүмжлэхэд хүргэж байгаа аж.

Дээдсийн зам

Хурдны замыг Хятадын зам гүүрийн корпораци санхүүжүүлэн барьж өгч байгаа бөгөөд бэлэн болмогц төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл 10 уулзвар, 4-6 эгнээ бүхий тус шинэ хурдны замаар зорчихын тулд Кенийн жолооч нар 2-3 ам.доллар төлөх хэрэгтэй болох нь.

Шинэ бүтээн байгуулалт Кенийн замын тугжрэлийг бууруулахад зайлшгүй шаардлагатай ажил хэмээгдэж байгаа ч зарим иргэд үнэтэй хурдны зам нь улсын нийгмийн давхрага, эдийн засгийн ялгааг улам дэвэргэх болно хэмээн шүүмжилж байгаа аж.

Найроби хотын ихэнх иргэд ажил, гэрийнхээ хооронд хувийн микро автобусууд болон "бода бода" хэмээн нэрлэдэг моторт дугуйн таксигаар зорчдог. Харин шинэ хурдны зам нээгдвэл дээрх тээврийн хэрэгслүүд хурдны замаар зорчихын тулд төлбөр төлөх эсэх, бүр зорчиж болох эсэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Тиймээс ард иргэдийн дунд жирийн хүмүүс микро автобус, моторт дугуйтайгаа түгжирсээр үлдэж, дээд зиндааныхан шинэ хурдны зам дээгүүр салхи татуулан давхидаг болох вий гэсэн айдас, бухимдал төрж эхэлжээ.

Түүнээс гадна шинэ хурдны замын барилгын ажил байгаль орчинд хэрхэн нөлөөлж буй нь олон улсын анхаарлыг татаж байна. Өмнө нь Найроби хотын ногоон байгууламжид хүмүүс ам сайтай байдаг байсан ч шинэ хурдны зам барих ажлаас болж зам дагуу ургасан зуу зуун модыг тайрчээ. Нөхөн сэргээлт хийх найдвар бага байгааг нутгийн идэвхтнүүд буруушааж, хотын ногоон байгууламж, шувуудын амьдрах орчинд нөхөж баршгүй гарз учирлаа хэмээн дүгнэсэн байна.

Түүнчлэн тус үйлдлээрээ Кенийн эрх баригчид засгийн газрын ногоон хөгжлийн хөтөлбөрөөр Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Вангари Маатайн хөдөлмөрийг үгүй хийж байна хэмээн ард иргэд шинэ зам болон эрх баригчдыг буруушааж байгаа аж.

Найроби хурдны зам нь Кенийн хятад компаниудаар хийлгэж буй анхны ажил биш юм. Өмнө нь 2019 онд эрх баригчид Хятадын төмөр замын компанитай тохиролцон Момбаса хотоос эхлэн зургаан цаг явах төмөр зам бариулж эхэлсэн байна. 3.2 тэрбум ам.долларын өртөгтэй тус төмөр зам Найроби хотын ойролцоох Найваша далайн эргийн хотоор дайрч, Угандагийн нийслэл Кампала хүрэх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч тус төмөр замаар зорчих үнэ хэтэрхий өндөр, онгоцоор ниссэнтэй ойролцоо байсныг иргэд хүчтэй эсэргүүцсэн байна. Түүнчлэн төлбөрийн тал дээр санал зөрөлдсөн учир зам барилгын ажил тодорхойгүй хугацаанд хойшилж, царцсан байна.

Найроби хурдны замын ирээдүйг зарим иргэд дээрх төмөр замтай холбон тайлбарлаж байгаа аж. Гэхдээ үнэ, төлбөр нь ямар ч байлаа гэсэн хурдны зам ойрын ирээдүйд ашиглалтад орох бололтой. Барилгын ажлыг гүйцэтгэж буй хятад компани замаа зургаан сарын дараа гэхэд бэлэн болгоно хэмээн зарласан байна. Ийнхүү Кени улс 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр шинэ хурдны замтай болох бололтой.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж