Монгол цэргээс буцаахыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Монгол цэргээс буцаахыг хүсэхгүй байна

Энэ сарын 5-нд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас Төв Африкийн Бүгд найрамдах Улс болон Чад дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаатай холбоотой асуудлаар цэргийн хүчин хандивлагч орнуудад мэдээлэл хийжээ. Уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  тусгай төлөөлөгч Юсуф Махмуд, цэргийн хүчний захирагч генерал Элхаджи Канджи болон Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх Х.Болдбат нар оролцсон байна. Энэ үеэр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааг энэ оны тавдугаар дугаар сарын 27-ноос идэвхтэй үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд одоогийн байдлаар 2168 цэргийн албан хаагч тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгааг дурьдаад ирэх 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд 1400 цэргийн албан хаагчаар бууруулж, зарим салаадыг бүрмөсөн татан гаргахаар төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа талаар албан ёсоор мэдээллээ. Мөн энэ үеэр  Абече баазад байрлан баазын хамгаалалт, цэргийн хүчний нөөцийн үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргийн багийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа тусгай төлөөлөгч Юсуф Махмуд, цэргийн хүчний захирагч генерал Элхаджи Канджи нар мэдэгдээд ирэх есдүгээр сард аль орны цэргийн багийн татан гаргалтын талаарх хуваарь гарах боловч Монгол Улсын энхийг сахиулагчдаас нэгийг ч буцаахгүй бодолтойгоо илэрхийлээ. Одоогоор Чад улсад манай улсын зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн 264 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 12 сард хугацаагаа дуусган эх орондоо ирэх юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж