XIV Далай лам таалал төгссөний дараа шашны хямрал нүүрлэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

XIV Далай лам таалал төгссөний дараа шашны хямрал нүүрлэх үү?

XIV Далай лам таалал төгссөний дараа шашны хямрал нүүрлэх үү?

Арваад жилийн өмнө Төвөдийн шарын шашны тэргүүн, XIV Далай лам Дэнзэн Гочоо маш чухал нэгэн цаг хугацааг зарласан юм. Дэлхийн хамгийн алдартай буддын шашны зүтгэлтэн 90 нас хүрэх үед өөрийн хойд дүрээ тодруулах эсэхээ шийднэ хэмээн хэлж байв. Түүний энэ мэдэгдэл Төвөдийн буддизмд сүүлийн 600 гаруй жил гол үүрэг гүйцэтгэж ирсэн залгамж халааг төгсгөл болгож магадгүй юм. Нөгөө талаас энэ асуудал Хятадын эрх баригчдын “шүдний өвчин” болж байна.

Өдгөө 85 настай түүний биеийн байдал сайн хэвээр байгаа хэмээн мэдээлж буй ч хэзээ нэгэн цагт түүнийг нас барсны дараа Азид шашны томоохон хямрал нүүрлэж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.

1959 онд Хятадын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Далай лам Энэтхэг рүү дүрвэн Дарамсалад очиж, тэндээ өөрийг нь дагаж ирсэн олон мянган төвөд хүмүүсийг удирдан чиглүүлсээр ирсэн. Энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байсан ч Бээжингийн хяналт улам чангарч, тэр буцах гарцгүй болсон юм. Өдгөө түүнийг Бээжин Төвөдийг Хятадаас салгах зорилготой салан тусгаарлах үзэлтэн хэмээн үзэж байгаа тул өөрийн хойд дүрийг улс төрийн энэхүү том асуудалд өөрт ашигтайгаар нийцүүлэн сонгохыг тэр эрмэлзэж байгаа нь тодорхой. 1974 оноос хойш Далай лам Төвөдийг Хятадаас хараат бус байхыг бус, харин Төвөдийн соёл, өв уламжлалыг хадгалан үлдэх боломжийг хангасан автономит статустай байлгах байр суурийг илэрхийлсээр иржээ.

Олон жилийн турш Далай лам хойд дүрээ тодруулах хэд хэдэн хувилбар дэвшүүлж, Төвөд гэхээсээ илүүтэй Энэтхэгээс шинэ залгамжлагчаа сонгож, тэр ч бүү хэл эмэгтэй хүн байж болох талаар санаа дэвшүүлж байв. Гэтэл түүний өөрийнх нь сонгосон сонголтоос үл хамааран Хятадын Засгийн газар Төвөдөөс шинэ Далай лам тодруулах нь зүйтэй гэж мэдэгдэх болсон юм. Энэ нь тус бүс нутагт хяналтаа улам баталгаажуулах гэсэн Хятадын Коммунист намын оролдлого гэж судлаачид үзэж байна. Асуудал энэ янзаараа үргэлжилбэл Энэтхэг, Хятад хоёр тус тус өөрсдийн Далай ламыг сонгож магадгүй болоод байгаа юм.

Дарамсалад төвтэй Төвөдийн бодлогын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дэнзэн Цэдэнгийн хэлснээр Далай лам Төвөдийн ард түмний хувьд маш их ач холбогдолтой хүн бөгөөд  тэдний "үндсэрхэг үзэл, өвөрмөц байдал"-ын бэлгэдэл аж. “Төдөвийн ард түмэн Хятадын Коммунист намын сонгосон Далай ламыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тэр ярьсан юм.

Хэрэв тэр гэнэтийн байдлаар нас нөгчвөл түүний хойд дүрийг хэрхэн тодруулах талаар албан ёсны баримт бичиг одоогоор байхгүй. Гэхдээ 2011 онд гаргасан мэдэгдэлд нь түүний залгамжлагчаар тодорсон хүн  дараа дараагийн хойд дүр хэн байх, хаана төрөх, хэрхэн тодруулахыг шийдэх эрхтэй цорын ганц хүн байх болно гэжээ. Мөн хойд дүрүүдийг тодруулах ажлыг түүний Энэтхэгт ирснийхээ дараа Төвөдийн ард түмнийг дэмжих, соёлыг хамгаалах, сурталчлах зорилгоор байгуулсан “Gaden Phodrang Trust” байгууллага хариуцна гэдгийг тэр мэдэгдэж байв. Энэхүү байгууллага нь Швейцарт төвтэй байгууллага юм.

Хятадын Засгийн газар Далай ламын хойд дүрийг Төвөдөөс тодруулахаар зорьж байгаагаа олон нийтэд ил тод мэдээлсэн бөгөөд энэ нь Бээжингийн бодлогод нийцсэн байх ёстой хэмээн мэдэгдсэн.

2007 онд Хятадын Засгийн газрын Төрийн шашны асуудал эрхэлсэн товчооноос Төвөдийн шашны тэргүүнүүдийн хойд дүрийг тодруулах "менежментийн арга хэмжээ" гэгч баримт бичгийг эрхлэн гаргасан байдаг. Уг баримт бичигт Төвөдийн шашны зүтгэлтнүүдийн хойд дүрийг Хятадын эрх баригчид тодруулж, тэдгээр "онцгой нөлөөтэй" хүмүүсийг Төрийн зөвлөлөөр батлуулах ёстой гэж дурджээ.

АНУ 2020 оны арванхоёрдугаар сард Төвөдийн Бодлого, дэмжлэгийн тухай хуулиа шинэчилжээ. Ингэхдээ АНУ нь хэрэв Хятад улс Төвөдийн ард түмний хүслийг үл харгалзан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Далай ламын хойд дүрийг сонговол Хятадын албан тушаалтнуудад хориг тавихаар тусгажээ.

Шинжээчид "Хятадын Коммунист нам дараагийн Далай ламыг сонгохын тулд илүү зальжин арга ашиглаж байна" гэв. Тэд Бээжинд найрсаг ханддаг шашны тэргүүнүүд буюу Панчен лам нарыг тойлж эхэлжээ. Далай ламын залгамжлагчийг сонгох цаг ирэхэд Хятадын эрх баригчид бус Төвөдийн буддын шашны удирдагчид шинэ Далай ламыг сонгож буй мэт харагдуулахаар бэлтгэж байна гэж судлаачид үзэж байна. Панчен лам нар бол хойд дүрийг тодруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм. Хятадын тал хойд дүрийг өөрсдийн тааллаар тодруулж чадахгүй байлаа ч Бээжингийн талыг баримтлагч Ванчин лам нар шинэ Далай ламд шахалт үзүүлэх хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс гэдгийг судлаачид онцолж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж