Шварценеггер: Власов агуу тамирчин, агуу сэтгэгч байсан

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Шварценеггер: Власов агуу тамирчин, агуу сэтгэгч байсан

Шварценеггер: Власов агуу тамирчин, агуу сэтгэгч байсан

Оросын хүндийн өргөлтийн домогт тамирчин, 1960 оны зуны олимпийн алтан медальт Юрий Власов 85 насандаа таалал төгссөн тухай ОХУ-ын хүндийн өргөлтийн холбооноос мэдэгдлээ. Тус холбооноос өнгөрсөн Ням гаригт гаргасан мэдэгдэлд “Өнөөдөр эмгэнэлтэй үйл явдал тохиолоо. ОХУ-ын хүндийн өргөлтийн холбоо гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээжээ.

Энэхүү мэдээг сонссон Холливудын алдарт жүжигчин, Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценеггер өөрийн твиттер хуудастаа “Юрий Власов бид бүхэнд “боломжгүй” гэдэг зүгээр л үг төдий гэдгийг ойлгуулсан. Тэр 200 кг-ыг огцом өргөлтөөр өргөсөн анхны хүн. 1961 онд би залуухан, хүндийн өргөлтийн тамирчин байхдаа түүнтэй уулзаж, урам авч байлаа. Түүн шиг хүмүүсийг хүндэлж би өөрөө өөрийгөө бүтээсэн гэж хэлэхээс татгалздаг.

Тэр зүгээр нэг агуу тамирчнаас гадна агуу сэтгэгч байсан. Яруу найраг, улс төрийн тухай өргөн мэдлэгтэй профессор шиг ярьдаг, өргөсөн жингээсээ илүү олон ном уншсан хүн байлаа. Тэр надад биеийн хүчийг оюуны хүчтэй харьцуулбал юу ч биш гэж ярьж байсан. Жинхэнэ хүч үгнээс гардаг гэдэгт итгэдэг гайхалтай хүчирхэг хүн. Юрий Власов бол гайхалтай сайхан сэтгэлтэй хүн. Түүний түүхээс хүн бүр урам зориг аваасай. Түүнтэй танилцсан минь нэр төрийн хэрэг. Би түүнийг үргэлж дурсан санах болно. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье” хэмээн жиргэжээ.

Юрий Власов 1960 оны Ромын зуны олимпийн наадмаас алтан медаль, 1964 оны Токиогийн зуны олимпийн наадмаас мөнгөн медаль тус тус хүртэж байснаас гадна 1959, 1961, 1962, 1963 онуудад дэлхийн аварга болж, 1959-1964 онуудын хооронд Европын аваргаар зургаан удаа тодорч байлаа. Мөн тэрээр тамирчин ахуйдаа дэлхийн хүндийн өргөлтийн 31 рекордыг шинэчлэн тогтоож, 1960 болон 1964 онуудын олимпийн наадамд ЗХУ-ын туг баригчаар оролцож байсан юм.

Юрий Власов 1968 онд их спортоосоо зодог тайлсныхаа дараа мэргэжлийн сэтгүүлч, нийтлэлч болж, уран бүтээл туурвиж эхэлсэн. Улмаар улс төрийн карьераа эхлүүлж, 1989 онд ЗХУ-ын Ардын төлөөлөгчдийн хурлын депутат, 1993 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүнээр тус тус сонгогдож байжээ. Үүгээр ч зогсохгүй 1996 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж