Хулгайн замаар орон нутаг руу зорчих зөрчил нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Хулгайн замаар орон нутаг руу зорчих зөрчил нэмэгджээ

Хулгайн замаар орон нутаг руу зорчих зөрчил нэмэгджээ

Дэлхийн улс орнууд Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга хэмжээ бол хатуу хөл хорионы дэглэм гэдэгтэй санал нэгдэж буй. Тиймдээ ч Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд шилжин ажиллаж буй. Энэ хугацаанд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж, цар тахлын тархалтын голомтыг хумих, халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлыг олж тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Өчигдрийн байдлаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 17 тохиолдол масс дундаас илэрсэн. Энэ шийдвэрийг улс орон даяар хэрэгжүүлэхэд олон мянган төрийн албан  хаагч цаг наргүй хяналт тавин ажиллаж буй юм.

Дотоодод халдвар бүртгэгдсэн цагаас хойш буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангайд халдварын 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Дээрх аймгууд 2020 оны төгсгөлд халдваргүй бүс болсноо зарласан. Гэтэл зарим ухамсаргүй иргэдийн хариуцлагагүй үйлдлээс болж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж, нийслэлээс халдвар зөөвөрлөн очих болжээ. Ингэхдээ хатуу хөл хорионы үед хулгайн замаар орон нутаг руу зорчиж, өөрийгөө болон бусдыг өндөр эрсдэлд оруулсан хэд, хэдэн тохиолдол гарсан.

БУСДЫН PCR ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГИЙГ АШИГЛАН ОРОН НУТАГ РУУ ОЧСОН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРАВ

Хоёрдугаар сарын 10-нд Сэлэнгэ аймагт очсон иргэн А нь нийслэлд PCR шинжилгээ өгөөд, хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг.  Тус иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч замдаа өөр өөр сумдад буужээ. Дээрх  хүмүүсийг олж сумдад нь тусгаарласан талаар Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн билээ. 

Мөн хоёрдугаар сарын 9-нд Улаанбаатар хотоос иргэн Н нь найз болох Б-ын бичиг баримт, шинжилгээний хариуг ашиглан автобусанд сууж, Дорнод аймагт иржээ. Түүнчлэн Хөлөнбуйрын постоор иргэн Б-ын нэрээр мэдээлэл, гэрийн тусгаарлалтын баталгааг бөглөж нэвтэрснийг хоёрдугаар сарын 10-ны өдөр тандалтын бүлэг илрүүлж, Шуурхай штабт яаралтай мэдээлж, цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Иргэн Н нь хоёрдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар байнгын цэгт шинжилгээ өгч, хариу нь энэ сарын 10-ны өдрийн 15:58 цагт сөрөг гарчээ. Хэрэв түүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан бол түүнтэй нэг автобусанд ирсэн 41 иргэнд халдвар тараагаад зогсохгүй аймгийн хэмжээнд халдварын голомт үүсгэх маш том эрсдэл дагуулах байв.

ХУЛГАЙН ЗАМААР ИРГЭДИЙГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛДЭЭ СОЛИЛЦОН, ӨРТӨӨЧИЛСӨН БАЙДЛААР ТЭЭВЭРЛЭДЭГ БАЙЖЭЭ

Үүнээс гадна "Драгон" худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж, орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалттайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд иргэн тус бүрээс тодорхой төлбөр авч, хулгайн замаар тээвэр хийдэг байжээ. Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, 49 настай эрэгтэй, жолооч П, 40 настай жолооч А нар Улаанбаатараас Дархан хүртэл иргэдийг хулгайн замаар тээвэрлэсэн байна. Харин Дархан-Уул аймгийн харьяат 43 настай Э, 37 настай Ж нар Дарханаас Улаанбаатар хүртэл хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон, өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг байжээ. Зорчсон иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан, нэг иргэн сүүлийн 21 хоног огт шинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож, уг хулгайн тээврээр нийт хэдэн иргэн нэвтэрсэн үйлдлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Иймд иргэн та хаана байгаагаас үл хамаарч, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, иргэний үүргээ биелүүлж, хайртай хүмүүсээ хамгаалах ухамсартай байх хэрэгтэй байна. Бид одоо л нэг хүн шиг нэгдэж, ухамсар, тэвчээртэй байж чадвал энэхүү аюулт цар цахлыг богино хугацаанд хохирол багатай даван туулах боломж бий.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж