Шинжилгээний хариуг гар утсандаа хадгалж, гэр бүл болохоо батална

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Шинжилгээний хариуг гар утсандаа хадгалж, гэр бүл болохоо батална

Шинжилгээний хариуг гар утсандаа хадгалж, гэр бүл болохоо батална

Нийслэлд хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч эхлээд тав хонож байна. PCR шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй эсэх,  “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хариуг гэр бүлийн бусад гишүүд ашиглаж, хөдөлгөөнд оролцож болох үгүйг албаны хүмүүсээс тодрууллаа.


ТАВАН ДҮҮРГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ НЭГДЭН ТУХАЙН ДҮҮРЭГТ АЖИЛЛАНА

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа мэдээлэл өгөхдөө “Хэрвээ танай гэр бүлийн нэг гишүүн хоёрдугаар сарын 11-нээс хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өгсөн бол тухайн хүний шинжилгээний хариуны зургийг гар утсаараа авна.

Мөн  зайлшгүй ажиллах шаардлагатай 14 байгууллагад тухайн гэр бүлийн гишүүдээс ажилладаг бол иргэний үнэмлэхээ үзүүлж, нэг хаяг буюу нэг өрхийн хүмүүс гэдгээ нотлоход болно. Дээр нь 14 салбарын зайлшгүй ажиллах ёстой,  байгууллагынхаа 15 хувийн квотдоо орсон тодорхойлолтой давхар үзүүлнэ.  Зөвхөн ажилдаа ирж, очих зорилгоор явна. Өөр сул хөдөлгөөн  хийх буюу хаа хамаагүй явахгүй.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас үүрэг чиглэл өгч, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл ажиллагааг дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, нийслэлийн таван дүүргийн нэгдсэн эмнэлэгт байрлах лаборатори ажиллаж байна. Төрийн албан хаагчдыг хоёрдугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд шинжилгээнд хамруулсан бол хоёрдугаар сарын 11-нээс 13-нд бүх дүүрэг зэрэг эхлэж, 100 мянган иргэнээс шинжилгээ авлаа. Сонгинохайрхан дүүрэг дээр энэ сарын 14, 15, 16-нд шинжилгээ авч байгаа бол хоёрдугаар сарын 17-нд Баянгол дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулна. Энэ үед бусад таван дүүргийн шинжилгээний баг нэгдэн тухайн дүүрэгт ажиллана” гэсэн юм.

"PCR ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ХҮМҮҮС ХӨЛ ХОРИО ДУУСТАЛ ДАХИН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХГҮЙ"

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Ойлголтын зөрүү гаргасанд уучлал хүсье. ХӨСҮТ өмнө нь вирусийн нууц үеийн хугацааг тооцоолоод, PCR шинжилгээг 72 цаг хүчинтэй гэж тооцож байсан тухайгаа А.Амбасэлмаа доктор ярьсан. Үүнийг хөл хорионы үед хэрэгжүүлэх Улсын Онцгой комиссын шийдвэр мэт  ойлголтын зөрүү үүссэн.

Хоёрдугаар сарын 8-наас 10-нд төрийн 808 байгууллагын 62646 хүнээс PCR шинжилгээ авсан. Хоёрдугаар сарын 11-нээс хойш PCR шинжилгээ өгсөн хүмүүс хөл хорио дуустал дахин шинжилгээ өгөх шаардлагагүй" гэв.

"ГЭР БҮЛИЙН НЭГ ГИШҮҮН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН БОЛ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО"

Нийслэлийн онцгой комиссоос өчигдөр Тээврийн цагдаагийн албанд чиглэл хүргүүлсэн. Тодруулбал, зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилтан, албан хаагчид тогтоосон цагийн хуваарийн дагуу ажилдаа зорчихдоо иргэний болон ажлын үнэмлэх, Covid-19 илрүүлэх шинжилгээний хариуг биедээ заавал авч явах, шинжилгээнд хамрагдаагүй албан хаагчийг ажилдаа явахыг хориглоно гэж заасан байсан.

Тус комиссоос 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрөөс хойш шинжилгээ өгсөн, аль эсвэл "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд гэр бүлийн нэг гишүүн шинжилгээнд хамрагдсан бол тухайн шинжилгээний хариу, иргэний үнэмлэхийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулах чиглэл өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж