Парламент дахь "Мацагтан Монгол"

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

76:1

Парламент дахь "Мацагтан Монгол"

Парламент дахь "Мацагтан Монгол"

“NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн П.Анужинг онцолж байна. “Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгээр олонд танигдсан тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, 2020 оны УИХ-ын сонгуулиар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хууль тогтоогч дундаа цоо шинэхэн хэдий ч МАН-ын гишүүнээр элссэн нь нэлээд эртнийх. Тухайн үед намд элссэн тухайгаа “Ямар тогтолцоо байна, хүссэн хүсээгүй хүн тэр тогтолцооныхоо нэг хэсэг болж байдаг.

Өнөөдрийн манай тогтолцоо бол улс төрийн намуудын тогтолцоо. Би хүмүүсийн төлөө, нийгмийнхээ төлөө ямар нэг зүйл хийхийг хүсч байвал энэ тогтолцоогоор дамжихаас аргагүй. Энэ зарчмаар л сонголтоо хийсэн” гэж хэлж байв. Түүнийг Пүрэвдоржийн Анужин гэдэг ч төрсөн эцэг нь УИХ-ын гишүүн асан Р.Буд юм. Тэрбээр Р.Будын анхны амьдралаас төрсөн ганц охин нь.

П.Анужин олон улсын эрх зүйч, дипломатч мэргэжилтэй ч зургаахан жил эрхзүйч мэргэжлээрээ ажиллажээ. Мэргэжлээсээ илүүтэй макробиотик буюу байгаль, хүн хоёрын зохицохуйн ухааныг гүнгийрүүлэн судалснаар өөрөө өөрийгөө эрүүлжүүлсэн гэдэг. “Эмчээс найдваргүй” гэдэг онош сонсож байсан тэрбээр хоол хүнсээ өөрчилж, мацаг барьснаар өдий зэрэгтэй эрүүл болсноо ярьдаг. Тиймдээ ч "Эрүүл амьдрахын гол нууц мацаг" гэж зөвлөдөг П.Анужингийн зөвлөгөөг олон мянган бүсгүй дагаж, хэрэгжүүлэх дуртай. 2010 оноос сэтгүүлзүйн салбарт руу “урваж”, “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл санаачлан хэрэгжүүлж, хөтлөгчөөр нь ажилласнаар олон нийтэд танигдсан. Энэ нь ч  улс төрд ороход ихээхэн нөлөөлсөн.

“Эрчүүд давамгайлсан улс төрд эмэгтэй хүний ухаан мэдрэмжээр бүтдэг зүйл дутна, бүсгүйчүүд давамгайлаад ирвэл мөн л эр хүч дутаад ирнэ” гэж түүний хэлж байсанчлан улс төрд орох шалтгаан нь үүнтэй ч холбоотой болов уу.

УИХ-ын гишүүн П.Анужинг ямар ч улстөрч эмэгтэй, ямар ч урлагийн одод дайрч байгаагүй дарамт шахалт тойроогүй. Ялангуяа түүний хувийн амьдралыг тойрсон элдэв хэл ам байнга гардаг. Гэхдээ тэр энэ бүхнийг даахыг хичээж ирсэн нь үнэн.

Хамгийн сүүлд БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Live" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан юм. Түүний энэ ярианд УИХ-ын гишүүн П.Анужин тайлбар хийж, тэрбээр “Би хувь хүнийхээ хувьд доромж гутаамж, гүтгэлгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч юм. Харин би монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө. Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй. Би албан ёсоор хэлье. Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй" хэмээн хэлж, тэвчээрт хязгаар байдгийг илэрхийлэв.

Ихэнх хувцасны дизайнаа өөрөө хийж, монгол үндэсний хувцсаараа гоёх дуртай П.Анужин хууль баталдаг танхимд орж ирсэн даруйдаа төрийн түшээдийн хүндэтгэлийн хувцасны хээг хуульчилна гэж хэлсэн нь хэсэгтээ олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Парламент бол бодлого ярьдаг, хууль боловсруулдаг газар. Тиймээс УИХ-ын гишүүд хууль, эрх зүй, санхүү, эдийн засгийн өргөн мэдлэгтэй байх ёстой. УИХ-ын индрээс цээжний пангаар ярьдаг бус, судалж, мэдэж, асуудлаа ойлгож байж ярих ёстойг шинэхэн гишүүн маань ойлгож эхэлсэн биз ээ.

УИХ-ын гишүүнээр ажиллах ирэх жилүүдэд тойрогтоо юу хийх, ямар асуудалд дуу хоолой болох вэ гэдгээс хэр улстөрч болох нь харагдана. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Бүх зүйл улс төр рүү яваад, айл хунар хүртэл улс төржиж, талцаж хуваагдаад байна гэдэг бол хүмүүсийн амьдрал ядуу, оюун санаа сэрээгүйн шинж. Төр хүчгүй байгаагийн шинж. Угтаа төр гэдэг бол захын хүний аманд хүндэтгэлгүй бувтнуулаад байх үг биш, хэний ч аманд багтаж хэн ч шүүж, хэн ч нулимж болж байна гэдэг бол төр хүндгүй байгаагийн шинж” гэж хэлж байсан. Төрийг хүчтэй, хүчгүй байлгах нь түүний оролцооноос ч мөн хамаарна.

П.Анужингийн жилийн орлого 390 сая төгрөг, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай. Түүний ХОМ-ээс хамгийн их анхаарал татаж байгаа нь нэг тэрбум 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал. П.Анужин хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаатай гэж ХОМ-дээ дурджээ.

 УИХ-ын гишүүн П.Анужингийн намтар:

 Мэргэжил:

  • 1999-Токиогийн Гадаад хэлний дээд сургуульд судлаач оюутан
  • 2000-МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, дипломатч
  • 2004-Япон Улсын Сока их сургууль, олон улсын эрх зүйч, магистр

Ажилласан байдал:

  • 2004-2010 Япон Улсын “Сефти технологи” компанид эрх зүйч
  • 2010-"Монгол тулгатны 100 эрхэм" төсөл санаачлан хэрэгжүүлэгч
  • 2011-“100 чухал сэдэв” ТВ контент санаачлан хэрэгжүүлэгч
  •  2016-“МонГал товчоон” төсөл санаачлан хэрэгжүүлэгч
  •  2019-“70/76” ТВ контент санаачлан хэрэгжүүлэгч
  • 2020-Монгол Улсын Их Хурлын гишүүн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж