Улсын дугаарын нэг сери задарснаар 10 мянган дугаараас 300 орчим нь азын гэгддэг хос дугаар гардаг байна. Эдгээр азын гэх дугаарын ард ашиг сонирхол, авлигын асуудал яригдах болсон_
Хууль, хяналтын байгууллагын хяналт шалгалтаар азын гэх хос дугаарууд хамгийн багадаа 1-2 сая, урдаа гурван тэгтэй бол 5-10 сая төгрөгөөр үнэлэгддэг болох нь тогтоогдсон. Бүр 30 сая хүргэж, хууль бусаар зарсан тохиолдол ч гарчээ.
Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан "Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон билээ.
Журмын дагуу Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг өчигдрөөс эхлүүлээд байна.
Дуудлага худалдааны эхний өдөр буюу өчигдөр /2021.02.15/ 0001 УАР, 0011 УАР, 0041 УАР, 1441 УАР, 7171УАР, 1001УАР гэсэн азын гэх 20 дугаарыг худалдаалж, улсын төсөвт 682.700.000 төгрөг хуримтлуулжээ. Үүнээс хамгийн өндөр дүнтэй нь 0001 УАР серийн дугаар ба 427 саяар зарагдсан. Мөн 0011 УАР серийн дугаар 70.9 саяд хүрсэн бол хамгийн бага нь 950 мянган төгрөгөөр үнэлэгджээ. Дуудлага худалдаа гуравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд өдөр бүр 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж, нийт автомашины 387 улсын дугаар худалдах аж.
ЗАРАГДААГҮЙ ҮЛДСЭН АЗЫН ДУГААРЫГ ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОРУУЛНА
Нээлттэй дуудлага худалдааны үеэр үнийн хөөсрөлт үүсч байгааг иргэд шүүмжилж буй. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодрууллаа.
-Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг худалдах цахим дуудлага худалдаагаар азын дугаар 427 саяд хүрсэн. Үнийг хөөсрүүлж, зарагдаагүй үлдсэн азын дугаарыг яах вэ?
–“Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах анхны цахим худалдаа болж байна. Улсын дугаарын цахим дуудлага худалдаа гуравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Өчигдөр өглөөний байдлаар арван дугаар дуудлага худалдаагаар оруулсан. Дуудлага худалдаагаар үнэ ханшаа хэлсэн хүмүүс 24 цагийн дотор мөнгөө тушааснаар тухайн дугаар зарагдана гэсэн үг. Хэрэв мөнгөө шилжүүлээгүй тохиолдолд тухайн дугаарыг дахин өөр хүн худалдан авах эрх үүснэ. Өчигдрийн байдлаар зарим дугаар өндөр үнэ ханш хүрсэн. Хамгийн өндөр дүнтэй нь 427 саяд хүрч, азын дугаарыг С.Г гэдэг хүн дуудлага худалдаагаар авлаа. Ер нь “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-д олон нийтийн сонирхдог дугаарыг нээлттэйгээр цахим дуудлага худалдаагаар худалдана гэдэг заалт орсон тул хүн бүр сонирхсон дугаараа хүссэн үнэ ханшаа хэлээд авах боломжтой. Гэхдээ иргэд хөөсрөл үүсгэж, үнийг нь хий хөөрөгдөж байна гэж үзэж байна. Цаашид үнийн хөөрөгдлийг яах вэ гэдгийг бид тооцоолж байна.
-Зарагдаагүй орхигдсон азын дугааруудыг дахин дуудлага худалдаагаар оруулах уу?
-Дуудлага худалдаа хүчингүй болж, дахин дуудлага худалдаанд оруулна. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны ялагчаар тодорсон хүн хэлсэн үнээр дугаараа авахгүй, мөнгөө шилжүүлээгүй бол боломжоо алдана гэсэн үг. Тухайн дугаарыг өөр хүн худалдан авах боломж бүрдэнэ.
-Өчигдөр дуудлага худалдаагаар 682.700.000 төгрөг төвлөрүүллээ. Азын дугаараас олж буй орлогыг юунд зарцуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Дуудлага худалдаанаас олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлж, хүүхдийн хөгжил болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зарцуулна. Үүнийг "Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д тодорхой заасан. Авто тээврийн үндэсний төв сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар дуудлага худалдаагаар борлуулах үүрэгтэй. Харин азын дугаараас олсон орлогыг тусгай санд төвлөрүүлэх ба зардлын хяналтыг эрх бүхий байгууллагууд хариуцна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ