Дижитал платформ болон бусад технологид суурилсан хэрэгслүүд нь Ази, Номхон далайн бүс нутгийн аль ч салбарын жижиг, том гэлтгүй бүх бизнес эрхлэгчид өсөлтийн шинэ боломж бий болгож буй. Энэхүү чиг хандлага нь бүс нутгийг Covid-19-ийн цар тахлын дараа тогтвортой сэргэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно хэмээн Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ.
“Азийн эдийн засгийн интеграцийн тайлан 2021” цувралд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн ахиц дэвшлийг судалж, худалдаа, хил дамнасан хөрөнгө оруулалт, санхүүгийн харилцан холбоо, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд үзүүлэх цар тахлын анхдагч нөлөөг үнэлсэн байна.
Тайлангийн сүүлийн дугаарт тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд дижитал технологийн оруулах хувь нэмэр, цар тахлын дараах бүс нутгийн хэмжээний сэргэлтийг цахим технологиор хэрхэн өдөөж болох, мөн эрсдэлийг үр дүнтэй удирдахын зэрэгцээ цахим шилжилт, хувьслыг хурдасгах арга замуудын талаар тусгай сэдэвчилсэн бүлгийг оруулжээ. АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада “Ази, Номхон далайн орнууд цар тахлын үеэр эдийн засгаа сэргээх, дэлхийн эдийн засагт дахин холбогдохын тулд технологийн хурдацтай дэвшил, цахимжилтыг ашигласан. Технологи нь дэлхийн эдийн засагт асар их боломжуудийг бий болгох шинэ холбоосуудыг үүсгэхийн зэрэгцээ шинэ эрсдэл, сорилтыг дагуулж буй юм” гэж хэлэв. Тэрбээр “Эрсдэлийг үр дүнтэй удирдаж, ид өрнөж буй дижитал эдийн засгаас авах өгөөжийг хамгийн дээд түвшинд байлган, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах замаар эдгээр ололтыг бататган хадгалахад чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх нь чухал юм” хэмээн тэмдэглэсэн байна.
Цахим шилжилтийг түргэсгэснээр дэлхийн үйлдвэрлэл, худалдаа болон ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой юм. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн дижитал салбарын нийт хэмжээ 20 хувиар нэмэгдэхэд дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ 2021-2025 онуудад жил бүр дунджаар 4.3 их наяд ам.доллараар тэлэх боломжтой байна. Үүний адилаар Ази, Номхон далайн орнууд 2025 он хүртэлх таван жилийн хугацаанд нийт 8.6 их наяд гаруй ам.доллар буюу жилд 1.7 их наяд гаруй ам.долларын эдийн засгийн өгөөж хүртэхээр байгааг тайланд мэдээлжээ.
2025 он хүртэл цахим технологийн хэрэглээг нэмэгдүүлснээр Ази, Номхон далайн бүс нутагт жилд дунджаар 65 сая орчим ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн худалдаа ирэх 5 жилийн хугацаанд жил бүр 1 их наяд ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Тус тайланд дурдсанаар, бүс нутгийн худалдаа 2020 оны эхний хагаст хүнд цохилтод орсон боловч хүлээгдэж байснаас хурдан сэргэх төлөвтэй байна. Азийн бүс нутагт барааны худалдаа 2020 оны тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хамгийн доод түвшин буюу -10.1 хувиар огцом агшсан ч аажмаар сэргэж, жилийн өсөлтийн хувь хэмжээ нь есдүгээр сараас хойш эерэг дүнтэй байгааг “Азийн эдийн засгийн интеграцийн тайлан 2021”-д мэдээлжээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК