Сүүлийн үед хийсэн шинэ судалгааны үр дүнд цар тахлын халдвар авсан өвчтөнүүдэд өндөр тунгаар Д витамин уулгах нь нас барах эрсдэлийг 60 хүртэл хувиар бууруулж байгааг олж мэджээ. Барселонагийн их сургуулийн эрдэмтэд архаг бөөрний дутагдлын үед Д амин дэм өндөр тунгаар уух нь нас барах эрсдэлийг бууруулдаг үр дүнтэй эмчилгээ гэдгийг онцлоод, энэ нь цар тахлын халдвар авсан өвчтөнүүдэд ч ижил үр дүнтэй гэдгийг мэдэгджээ.
Өдгөө дэлхий нийтээр цар тахлын эсрэг эмчилгээнд хамгийн үр дүнтэй хэмээн хүлээн зөвшөөрч, хэрэглэж байгаа эм бол нас барах эрсдэлийг 30 хувь бууруулдаг стероид дексаметазон гэнэ. Харин Д витаминыг өндөр тунгаар агуулдаг кальцифедиол эмийг өвчний эрт үед хэрэглэвэл нас барах эрсдлийг 60 хүртэл хувиар бууруулж болохыг эрдэмтэд олж мэджээ. Судалгааны тайлангаас үзэхэд Барселонагийн Дел Мар эмнэлэгт хяналтанд буй 379 өвчтөний 57 буюу 15 хувь нь нас барсан бол кальцифедиолоор эмчилсэн 551 хүний 36 нь буюу 6.5 хувь нь нас баржээ.
Гэхдээ өвчний эрт үед нь кальцифедиолын эмчилгээг эхлүүлэх нь дээрх байдлаар үр дүнгээ үзүүлдэг ч эрчимт эмчилгээний шатанд төдийлөн үр дүн үзүүлж амжихгүй гэнэ. Үүнээс үзэхэд өнгөт арьстан, Ази гаралтай гэх мэт АНУ-ын үндэсний цөөнхүүд цар тахлаар хүнд өвчилж, нас барах эрсдэл өндөр байгаа нь тэдний бие дэх Д амин дэм бусад америкчуудаас бага байдагтай холбоотой гэх таамаг улам үнэний ортой болж байна.
Д витаминыг байгаль дээр хүн нарнаас ихэвчлэн авдаг билээ. Ийнхүү Д амин дэм авснаар хүний яс, булчин, дархлаа эрүүл, хүчтэй байх эерэг үр дүнтэй аж. Харин бараан өнгийн арьсанд нарны гэрэл төдийлөн сайн нэвтэрч чаддаггүй тул өнгөт арьстнууд байгалийн жамаар нарнаас хангалттай Д амин дэм авч чаддаггүй аж. Түүнээс гадна Д амин дэм амьсгалын замын цочмог халдвараас хамгаалдаг болох нь батлагдсан байна. Барууны ихэнх орнуудад халдвар авсан хөгшчүүд нас барах магадлал хамгийн өндөр байгаа нь тус орнуудын хөгшчүүд наранд гарахаас аль болох зайлсхийдэгтэй холбоотой байж магадгүй гэнэ.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ