Хэнд хэдэн жилийн ял өгөхийг асуудаг шүүгчийг зарлая, Хууль зүйн сайд аа!

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

Хэнд хэдэн жилийн ял өгөхийг асуудаг шүүгчийг зарлая, Хууль зүйн сайд аа!

Хэнд хэдэн жилийн ял өгөхийг асуудаг шүүгчийг зарлая, Хууль зүйн сайд аа!

Хууль зүйн сайд аа, шүүгчдээс хэн нь хэнд, хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгаврыг Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт суудаг хүнээс авдаг байсныг зарлах цаг одоо боллоо.

Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг гүтгэлэг гэж үзэн, шүүхэд хандахаа мэдэгдсэн ч олон нийт “Хууль зүйн сайдад баталгаатай, нотолгоотой баримт байсан болоод зарлаа биз” гэж хүлээж сууна.

Ер нь ч “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байсан шүү. Энэ байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтын эсрэг явж, иргэдийнхээ хараат бус, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг улам бататгаж өгсөн” гэх түүний энэхүү мэдэгдлийг МАН нь төрийн тэргүүний нэр хүндийг сэвтээх гэсэн арга ядсан арга гэж харахаас илүүтэй ийм ноцтой зүйл бодитой бий болсон нь У.Хүрэлсүхийн танхим огцрох бас нэгэн шалтгаан нь болсон юм биш үү гэж хардахаас аргагүйд хүргэж буй.

Иймээс Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг тодорхой баримт дэлгэн, даалгавар авсан шүүгчийн нэрийг зарлахыг олон нийт хүсч байна. Хуулийн байгууллага ч асуудлыг нягтлан шалгах ёстой.

Хэрвээ Х.Нямбаатар сайд бусдын нэр хүндэд халдсан бол хариуцлага хүлээх, Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр сайдын хэлсэнчлэн хэнд, хэдэн жилийн ял оноохыг нь заадаг байсан бол шүүгчтэйгээ хамт хариуцлага хүлээх ёстой.

Учир нь эрх мэдэлтэй албан тушаалтай байлаа гээд бусдыг гүтгэх эрх эдлэх ёсгүй, мөн хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой шүүх эрх мэдэл рүү төрийн тэргүүн нь халдаж, хэнд хэдэн жилийн ял оноохыг шүүгчид заах эрх байхгүй. Тиймээс л энэ асуудлыг мухарлах ёстой болж буй юм. Яагаад гэвэл, шүүх эрх мэдэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний мэдэлд ирсэн үеэс Монголын төлөө шийдвэр гаргасан олон улстөрч шил дараалан шоронд хоригдсон.

Тухайлбал, Монгол Улсын сайд асан М.Энхсайхан байгуулагдаагүй Тавантолгойн гэрээгээр эхэлж байцаагдаад, дараа нь автомашин өндөр үнээр худалдан авч, төсөвт хохирол учруулсан үндэслэлээр арван жилийн хорих ял шүүхээс сонссон бол бол Ерөнхий сайд асан С.Баяр дөрвөн жилийн хорих ял оноосон. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шатанд Петровис компанид эдийн засгийн давуу байдал бий болгож, хууль бус орлого олж, мөнгө угаасан гэж буруутгасан юм. Гэвч Оюутолгой компани нь С.Баярыг Ерөнхий сайд болохоос өмнө буюу 2002 оноос Петровис компанитай гэрээ байгуулан, ажиллаж ирсэн байдаг. Буруутгах шалтгаан олдохгүй болохоор уу, эсвэл энэ зэргийн зүйлийг тооцох ухаан хуулийн байгууллагынханд дутав уу шатахуун нийлүүлэлтийн тээвэрлэлтийн зардлыг нь тооцохгүйгээр хохирол учруулсан гэх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн, олон тэрбумын хохирол учруулсан гэж үзэн, шийдтгэл ногдуулсан нь өдгөө “но”-той болон хувирч буй.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр нэр бүхий найман иргэн, 21 аж ахуй нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, хохирол учруулсан үндэслэлээр өнгөрсөн хугацаанд шалган, шүүхээс ял оноосон. Гэвч эцсийн дүндээ энэ хэрэг Улсын дээд шүүхээр ороход сайд асан Н.Номтойбаяр хариуцлага алдсан болж, өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, эл шийдвэр хариуцлага алдсан төрийн өндөр дээд албан тушаалтан бүрийг Улсын дээд шүүхээр оруулбал Н.Номтойбаярт оноосон шиг нэг жилийн хорих ял оноох уу гэдэг асуудлыг ч хөндөхөд хүргэж буй. Хамгийн гол нь хууль, шүүхийн байгууллага нь хэнд хэчнээн жилийн ял оноохыг асуудаг байсан нь үнэн юм биш үү гэх хардлагыг үлдээж буй зүйл нь өнгөрсөн хугацаанд Жижиг,  дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнууд яагаад Н.Номтойбаяр нарын адил шалгагдаж, хэрэг нь шүүх байгууллагад шилжиж ирсэнгүй вэ гэдэг асуулт юм.

Н.Номтойбаяр нар ядарсан иргэн, аж ахуй нэгжийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зорилгоор дээрх зээлийг олгоод буруудсан бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг “цөлмөсөн” улстөрчид нь хувийн компаниа жилийн гурван хувийн хүүтэй зээлээр тэтгэсэн.

Г.Солтан, Д.Дамба-Очир нар энэ хэргээр шүүхээс ял сонссон хэдий ч цаана нь олон улстөрч сугараад үлдсэн. Зарим нь УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, дахин сонгогдсон бол зарим нь төрийн өмчит компанид дэд захирлаар томилогдож, хариуцлага хүлээх бус шагнуулсан.

Олон нийт шударга хуулийн байгууллага, шударга шүүхийг хүсэмжилж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар та Ерөнхийлөгчөөс даалгавар авдаг байсан шүүгч нарын нэрийг зарлаж, шүүх бусдаас хараат бусаар ажиллах боломжийг олгож өгнө үү!

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж