Монгол Улс Дэлхийн банк болон ОУВС, Олон улсын Хөгжлийн ассоциацийн гишүүнээр элссэний 30 жилийн ой өчигдөр тохиолоо. Тодруулбал, 1991 оны 2 дугаар сарын 14-ний өдөр буюу тухайн жилийн Цагаан сарын битүүний өдөр Сангийн сайд агсан А. Базархүү тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон хот дахь Дэлхийн банкны төв байранд хамтын ажиллагааны суурь гэрээнд гарын үсэг зурж байв. Ингэснээр Монгол улс Дэлхийн банкны 155 дах гишүүн улс болсон юм.
Үүнээс хойш Дэлхийн банк Монгол Улсад нийт 1.2 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилтийг бага хүүтэй зээл, тэг бөгөөд бага хүүтэй кредит болон буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгожээ.
Хамтын ажиллагааны эхэн үед Дэлхийн банкны дэмжлэгийн зонхилох хэсэг нь Монгол улс шилжилтийн үеэ даван туулах, уурхай болон цахилгаан станцын тогтвортой ажиллагааг хангах, нүүрсийг хуваарийн дагуу нийлүүлэх, хувийн хэвшил болон санхүү, хууль эрх зүйн шинэ тогтолцоог хөгжүүлэх, үндэс суурийг нь тавих зэрэгт дэмжлэг үзүүлэхэд чиглэж байлаа.
Дараагийн жилүүдэд ядуурал, хүний хөгжилд илүүтэй анхаарч, мөн хөдөө орон нутгийн амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлж ирэв. Сум, багийн түвшинд иргэд төсвийн хуваарилалт, зарцуулалтыг хянаж үгээ хэлдэг болж, эхний төслийн нэг нь Монголын хөдөөгийн дэд бүтцийг сайжруулахад чиглэж байсан бол дараагийн нэг төсөл нь Монголын интернэтийн дэд бүтцийг сайжруулахад чиглэж байв.
Холбоотой мэдээ