Дэлхий нийтээрээ хөл хорионд байгаа энэ өдрүүдэд урлаг, спортын олон чухал арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь UNESCO-гийн ивээл дор зохион байгуулсан 16 орны 1000 гаруй уран бүтээлч оролцсон Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан байлаа.
"Цар тахлын үед орон орны уран бүтээлчдийг нэгтгэх" уриан дор зохион байгуулагдсан Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанд Монголын бүжигчид амжилттай оролцох боломжийг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олон Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа бүжигчдэд олгосон юм.
Олон Улсын бүжгийн уралдааны мэдээллийг хүргэх, бүртгүүлэхээс авахуулаад бүх үйл ажиллагааг тус сангийнхан зохион байгуулж, бүжигчдэд цахим уралдаанд оролцох таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн нь цар тахлын үед бүжгийн урлагийн салбарыг сэргээсэн маш чухал, онцлог үйл явдал байлаа.
Уралдаанд Орос, Герман, Канад, АНУ, Австрали, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Монгол, Малайз, Индонез, Хонконг, Макао, Тайвань, Хятад зэрэг 16 улсын 1000 орчим бүжигчин оролцсон. Үүнд, Улаанбаатар хот төдийгүй Дорноговь, Завхан, Дархан-Уул аймгийн бүжигчид Монгол Улсаа төлөөлөн оролцож, хил хязгааргүй бүжгийн ур чадварын өрсөлдөөнд сонгодог, орчин үеийн, ардын, ганцаарчилсан болон багийн төрлүүдэд тун амжилттай өрсөлдлөө.
Ингээд хоёр сарын турш үргэлжилсэн Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёрдугаар сарын 12-нд дүнгээ гаргахад Монгол орны өнцөг булан бүрээс өрсөлдсөн авьяаслаг залуус маань дэлхийн шилдэг бүжигчидтэй гайхалтай өрсөлдөөн үзүүлж, ардын, сонгодог болон орчин үеийн бүжгийн төрөлд дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль, тусгай байрын шагналыг тус тус хүртээд байна.
Монголын бүжгийн урлагийн шинэ залуу үеийн сар шинийн энэ өдрүүдэд олон улсад авьяас чадвараа гайхуулж чадлаа. Энэ боломжийг нээсэн, зохион байгуулсан Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн удирддаг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олонд урлагийн халуун бүлийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ.
Холбоотой мэдээ