ДЭМБ: Ухань хотод халдварын тоо 5 дахин олон байсан

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Ухань хотод халдварын тоо 5 дахин олон байсан

ДЭМБ: Ухань хотод халдварын тоо 5 дахин олон байсан

Цар тахлын үүслийг олохоор Ухань хотод очиж ажилласан ДЭМБ-ын эрдэмтдийн баг тус хотод анх халдварын тоо Бээжингийн мэдээлж байснаас хэд дахин их байсан талаар баталгаа олсноо зарлажээ. Судалгааны багийн ахлагч Петер Бен Эмбарек "Анхны тохиолдол бүртгэгдсэн хэмээн зарлахаас өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд Ухань хотод халдвар хэдийн өргөн тархсан байсныг батлах баталгаа олдсон” хэмээн ярьжээ.

Хятадын эрдэмтэд ДЭМБ-ын багийнханд 2019 оны арванхоёрдугаар сард Ухань хот орчимд 174 тохиолдол бүртгэгдсэн хэмээн хэлсэн гэнэ. Харин эрдэмтдийн судалж олж мэдсэнээр Ухань хотод тухайн үед халдварын тохиолдол дор хаяж 1100 гаруй байсан аж.

Эмбарекийн хэлснээр Хятадын эрдэмтдийн хэлсэн 174 гэдэг тоо бол зөвхөн хүнд өвчтөнүүдийн тоо байж магадгүй гэнэ. Тэрбээр “Бид маш олон туршилт, судалгаа хийж үзсэн. Гэхдээ бид бүгд вирус эхэн үедээ нийт халдварласан хүмүүсийн 15 орчим хувийг хүндээр өвчлүүлдэг байсныг мэднэ. Тиймээс хөнгөн тохиолдлуудыг нэмж үзвэл Хятад эрдэмтдийн мэдээлсэн тоо бодит байдал дээр хэд дахин өндөр байсан байж болзошгүй юм” хэмээн ярьжээ. Түүнээс гадна эрдэмтдийн олж мэдсэнээр 2019 оны арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд вирус аль хэдийн хэд хэдэн удаа хувьсч, шинэ хувилбарууд үүссэн байсан гэнэ. Тухайлбал, эрдэмтэд одоогийн байдлаар тухайн үед үүссэн нийт 13 өөр генийн бүтэцтэй вирус илрүүлээд буй аж. Вирус ийнхүү хувьсах нь халдварласан хүмүүсийн тоо олон байгаатай холбоотой байдаг аж. Өөрөөр хэлбэл, 2019 оны арванхоёрдугаар сар гэхэд дор хаяж 13 өөр хувилбар үүссэн байна гэдэг нь SARS-CoV2 вирус Хятадад түүнээс ч өмнө өргөн тархсан байсны баталгаа байж магадгүй ажээ.

Цар тахал анх бүртгэгдэхээсээ өмнө олон улсад тархсан байсан талаар нотолгоо, таамаглалууд удаа дараа гарч байсан билээ. Эдгээрээс үзэхэд цар тахал бид бүхний бодож байснаас эрт үүсч, дэлхий даяар тархсан бололтой.

Харвардын их сургуулийн нэгэн эрдэмтний судалж мэдсэнээр Ухань хотод иргэд 2019 оны зунаас эхлэн цар тахлын шинж тэмдгүүдтэй холбоотой зүйлсийг цахим орчинд ихээр хайж эхэлсэн байжээ. Мөн Миланы Хорт хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн хийсэн судалгааны үр дүнд 2019 оны аравдугаар сард Миланд цар тахлын халдвар аваад, эдгэсэн хүн байсан гэнэ.

Хэдийгээр Ухань хотын эрх баригчид анхны тохиолдлыг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд бүртгэснээ зарласан ч хэвлэл мэдээллийнхний олж мэдсэнээр цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээ анх 2019 оны арваннэгдүгээр сарын 17-нд Хятадын Засгийн газарт хүрч байжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж