Төр иргэдээ вакцинжуулахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

Төр иргэдээ вакцинжуулахад бэлэн үү?

Төр иргэдээ вакцинжуулахад бэлэн үү?

Иргэдээ даруй Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулж, халдварын тархалтыг зогсоож, нийгэм, эдийн засгаа хэвийн горимд шилжүүлэх нь шинэ Засгийн газрын зорилт. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал энэ сарын 23-нд дуусахад бүх салбарын бизнесийн байгууллагын үйл ажиллагааг нээж, вакцинжуулалт эхэлнэ гэдгийг мэдэгдсэн.

Түүний хэлснээр бол хэдхэн хоногийн дараа Covid-19-ийн эсрэг вакциныг хийгээд эхлэх нь. Гэвч вакцин чухам хэзээ орж ирэх нь, нарийн арчилгаа шаардах вакциныг тээвэрлэх дэд бүтэц хангагдсан эсэх, нэгэнт оруулаад ирсэн вакциныг хадгалах байр нь хангалттай байгаа эсэх нь ч өнөөдөр тодорхойгүй байна. Ерөнхийдөө яаралтай вакцинжуулж эхэлнэ гэж байгаа ч ямар нэг төлөвлөгөөгүй, энэ талаар иргэддээ өгөх тодорхой мэдээлэлгүй байгаа юм.

Уг нь Covid-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.  Гэвч үндсэн ажлынхаа талаарх мэдээлэл нь хаалттай байгаад иргэд ч шүүмлжлэлтэй хандаж байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд өчигдөр Засгийн газар хуралдаж,  эхний ээлжийн вакциныг хадгалах, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бэлэн болоод байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинд хамруулахаа мэдэгджээ. Гэхдээ цаашид хэрхэх, ямар хэмжээгээр вакцин авах, иргэд сайн дураараа вакцинд хамрагдах уу эсвэл бүх нийтээр нь вакцинжуулах уу гээд олон асуултууд хариултгүй үлдэж байна. Засгийн газар энэ талаар тодорхой шийдлүүдийг ч судалж байгаа гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.

ДЭЛХИЙН БАНК ВАКЦИНД ЗОРИУЛАН 50.7 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ БАТЛАВ

Вакциныг тээвэрлэж авчрахад тусгай нөхцөл шаардана. Ингэхдээ хүйтэн хэлхээний горимын дагуу -70 градуст тээвэрлэх стандарттай. Гэтэл манайд одоогоор тийм тоног төхөөрөмж байхгүй тул бүхнийг эхнээс нь бэлдэх шаардлага тулгарч байгаа юм. Үүнд чамгүй хөрөнгө шаардах аж.

Тухайлбал, Монгол Улс Covid-19-ийн эсрэг вакциныг харьцангуй хямд үнээр авч, иргэддээ хүртээмжтэй нийлүүлэх зорилтыг дэмжин, Дэлхийн банк 50.7 сая ам.долларын санхүүжилтийг энэ сарын 12-нд баталсан.

Хүн амынхаа 60-аас доошгүй хувийг вакцинд хамруулах Монгол Улсын Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, covid-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор дээрх санхүүжилтийг олгож буй юм. Дэлхийн банкны мэдэгдэлд тусгаснаар Монгол Улсад дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхыг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ гэж дурджээ.

"Монгол Улсад Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт санхүүжилтэд дурдсанаар вакцин худалдан авахад 19 сая, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд долоон сая, вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн Covid-19-ийн эсрэг вакцинаас эхний ээлжид 150 мянган тунг Монгол Улсад нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ “Covaxin” вакцины судалгаа клиник туршилтын гуравдугаар үе шатад үргэлжилж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард судалгааны завсрын үр дүнгээ танилцуулах хүлээлттэй байгаа юм.

Мөн дээрх төлөвлөгөөнөөс харахад эхний ээлжид -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1,8 сая /нэг сая 847 мянган/ тун, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2,3 сая /хоёр сая 358 мянган / тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2,5 сая /хоёр сая 516 мянган/ тунг хүлээн авах боломжтой гэж үзэж байгаа аж.

Мөн вакцины дэд бүтцийн үнэлгээгээр Монгол Улсад байдаг вакцин хадгалах хөргөгчнүүдийн хэд нь ажилладаг, хэдийг нь шинэчлэх шаардлагатай, ХӨСҮТ болон Био-комбинатын вакцины том агуулахуудад хэдэн тун вакцин хадгалах боломжтой зэрэг бүх тооцоог судалгааг ажлын хэсэг гаргаад, дүгнэлт хийж байгаа аж.

АХМАД НАСТАНД ВАКЦИН ХИЙЖ БОЛОХГҮЙ

ДЭМБ нь яаралтайгаар ашиглах зөвшөөрөл олгосон “Pfizer” хэмээх Covid-19-ийн эсрэг вакциныг хүнд хэлбэрийн харшилтай хүн, жирэмсэн эмэгтэй, 16-аас доош насны хүүхдүүдийг тариулахгүй байхыг зөвлөсөн. Харин хөхүүл эмэгтэй вакцинд хамрагдаж болох ч дараа нь хүүхдээ хөхөөрөө хооллож болохгүй юм. “Moderna”  вакциныг архаг, хууч өвчин нь хүндэрсэн ахмад настан болон  18-аас доош насны хүүхдэд тарьж болохгүй гэж зөвлөжээ. Мөн “AstraZeneca” вакцинд 65-аас дээш наснынхныг хамруулахыг хориглоод байна.

Монгол Улс Дархлаажуулалтын хуульдаа ДЭМБ-д бүртгэгдсэн болон хатуу эмийн зохицуулалттай улсуудад бүртгэгдсэн эм, вакциныг худалдан авч, хүн амаа дархлаажуулахаар заасан байдаг.

Вакциныг голомтод ажиллаж байгаа албан хаагчдад эхний ээлжинд хийх юм. Дараа нь ахмад настнууд, суурь өвчтэй хүмүүст хийнэ. Эхний ээлжид вакцинжуулах 10 мянган хүнийг нэр, хаягаар нь цаашид вакцинжуулах 300 мянган хүнийг салбар, байршил гээд бүх мэдээллээр нь тодорхой чиглэл гаргахаар ажиллаж байгаа юм.

ВАКЦИНЫГ ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГЭСНИЙ ДАРАА ХУВИЙН ХЭВШЛҮҮД ОРУУЛЖ ИРЖ БОЛНО

Иргэдийг вакцинд хамруулж, халдварын тархалтаас сэргийлэх нь чухал асуудал болоод байгаа энэ үед хувийн хэвшлүүд ч уг ажилд идэхтэй оролцож байгаа. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон шинэ жилийн мэндчилгээндээ банкныхаа 200 мянган харилцагчийг covi-19-ийн эсрэг Astrazeneca, Спутник вакцинд үнэ төлбөргүй хамруулахаа албан ёсоор зарласан. Энэ мэдээлэл сайхан сонсогдож байгаа ч Монгол Улс вакциныг ямар журмаар, хэрхэн тээвэрлэж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тодруулбал, Монгол Улс нь авилаа шинэ вакциныг бүртгэхдээ түргэвчилсэн түр журмын талаарх хууль баталдаг. Үүний дараа тодорхой стандарт, шаардлагыг хангасан, ДЭМБ болон хатуу зохицуулалттай орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг үндэсний бүртгэлд бүртгэсний дараа хувийн хэвшлийн компани өөрийн шугамаар вакциныг оруулж ирэх эрх нь нээгдэх юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж