Германы Байерн Мюнхен баг сүүлийн 12 сарын хугацаанд хүртэж болох бүхий л зургаан цомын эзэд болж, 2009 онд Барселонагийн үзүүлж байсан амжилтыг давтав. Тодруулбал, Баваричууд эхлээд Германы хөлбөмбөгийн холбооны цомд түрүүлж, удалгүй Бундеслигт тасархай тэргүүлж аваргаа хамгаалсан. Харин сарын дараа Португалийн нийслэл Лиссабон хотод УЕФА Аваргуудын лигийн финалд Францын ПСЖ багийг хожиж, гурав дахь цомоо хүртэв. Ингээд зогссонгүй Германы супер цомд Боруссиа Дортмундыг, УЕФА супер цомд Севильяаг, ФИФА клубуудын ДАШТ-ий финалд Тигрес багийг тус тус хожиж, нийтдээ зургаан цомын эзэн болоод байна. Тэгвэл тэдний энэхүү гайхалтай амжилт хаанаас эхлэв ?
НИКО КОВАЧИЙГ ХАЛЖ, ХАНСИ ФЛИКИЙГ ТОМИЛОВ
Домогт Юпп Хайнкесээс хойш Байерн Мюнхен багийн жолоог атгах эрхмийг олох амаргүй байсан. Пеп Гвардиола, Карло Анчелотти, Нико Ковач зэрэг хүндлэл хүлээсэн дасгалжуулагчид ирсэн ч Бундеслиг болон Германы дотоодын цомуудаас өөр амжилт гаргаж чадахгүй байлаа. Энэ байдлаас залхсан Байерны удирдлагууд Хорват мэргэжилтэн Нико Ковачийг халж, түүний туслах дасгалжуулагч Ханси Фликийг түр хугацаагаар багийнхаа үндсэн дасгалжуулагчаар томилсон нь энэ бүхний эхлэл болсон. Өдгөө 55 настай баруун Германд төрсөн дасгалжуулагчийн хувьд өмнө нь доод лигийн Викториа Бамментал, дээд лигийн 1899 Хоффенхайм зэрэг багуудын ахлах дасгалжуулагчаар ажиллаж, Ред Булл Салзбург, Германы шигшээ баг, Байерн Мюнхен зэрэг багуудын туслахаар ажиллаж байсан түүхтэй.
Германы шигшээ баг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлэхэд Ханси Флик туслах дасгалжуулагчаар нь ажиллаж байв.
ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ
Ийнхүү Ханси Флик багийг удирдаж эхэлснээр өөрийн тактик, арга барил, бүрэлдэхүүнийг бүрдүүлэв. Юуны өмнө, Нико Ковачийн төлөвлөгөөнд багтаагүй байсан Томас Мюллерийг үндсэн байралд нь гараанд гаргаж, жигүүрийн хамгаалагч Давид Алабаг төвийн хамгаалалтанд Жероме Боатенгтэй хоршуулж эхэлсэн. Үүнийхээ дараа 2000 оны Канад хүү Алфонсо Дэвист итгэл хүлээлгэн гараанд гаргаж, Жошуа Киммихийг Тиаготой хамт төвийн шугаманд тоглуулав.
Роберт Левандовски Ханси Фликийн талаар “Тэр манай багт тохирсон хүн. Багийн тоглогчид ч түүнтэй сайн харилцаатай. Түүний тактик, хөлбөмбөгийн талаарх мэдлэг үнэхээр өндөр түвшнийх” хэмээсэн бол Ханси Фликийн удирдлага дор гарааны эрхээ баталгаажуулсан Бенжамен Павар “Бид дасгалжуулагчаа сайн ойлгож байгаа. Багийнхан бүгд түүний юу төлөвлөж, хүсч байгааг ухаарсан. Тэр гарааны 11 тоглогч ч байсан, сэлгээний тоглогч ч байсан бүгдэнтэй нь ойрхон байдаг” гэжээ.
Тактикийн хувьд Ханси Флик жигүүрийн хурдтай тоглогчдынхоо давуу талыг ашигласан хурдан темптэй довтолгоонуудыг зохион байгуулж, сөрөг довтолгоонуудыг төгс гүйцэтгэж байгаа. Хамгийн гол нь Роберт Левандовски, Мануэль Нойер, Дэвид Алаба, Тиаго, Жошуа Киммих зэрэг гол тоглогчид нь бэртэл, гэмтлээс хол байж, гайхалтай формоо удаан хадгалах нөхцөл нь бүрдээд байна.
ХҮЧИРХЭГ ДОВТОЛГООНЫ ШУГАМ
Байерн Мюнхен багийн зургаан цом хүртсэн амжилттай Польш довтлогч Роберт Левандовски салшгүй холбоотой. Өдгөө 32 настай тэрбээр өнгөрсөн улирал 47 тоглолтонд 55 гоол оруулж, Лионель Месси, Кристиано Роналдо нарыг ардаа үлдээсэн. Түүний хажуугаар Арсеналд, Англид гологдсон Серж Гнабри болон Барселонад шингэх газаргүй болсон Филиппе Коутиньо нар довтолгооны шугамд онцгой байсан. Серж Гнабри 46 тоглолтонд 23 гоол оруулсан бол Филиппе Коутиньо ойрд үзүүлээгүй сайн тоглолтоо толилуулж, 38 тоглолтонд 11 гоол оруулжээ. Харин эдгээр тоглогчдын гоолын дамжуулалтыг Леон Горетзка, Жошуа Киммих, Томас Мюллер нар хангав.
Өнгөрсөн улирал Европын мэргэжлийн хөлбөмбөгийн топ 10 лигт гоолын дамжуулалт өгсөн тоогоороо Манчестер Ситигийн Кевин де Брюйне тэргүүлсэн бол түүний араас Томас Мюллер 22 дамжуулалт өгснөөрөө удаалжээ.
ЗУЗААН БҮРЭЛДЭХҮҮН
Байерн Мюнхен багийн бүрэлдэхүүн Германд битгий хэл Европт гайхагдана. Гарааны 11 тоглогчоо сонгох гэж өдрийн бодол, шөнийн зүүд болмоор тийм л зузаан нөөц бололцоо бий. Тухайлбал, өнгөрсөн улирал тус багийн төвийн хамгаалалтанд Жероме Боатенг, Дэвид Алаба нарыг орлож, Никлас Зюле, Хави Мартинез нар гарах боломжтой байсан бол жигүүрийн хамгаалалтанд Бенжамен Павар, Алфонсо Дэвис нарын оронд Алваро Одриозола, Лукас Хернандез нар ч гарах бололцоо байлаа. Ер нь Европын аль ч томоохон багт очсон гарааны бүрэлдэхүүнд шууд багтахаар томоохон тоглогчид өнгөрсөн улирал Байерн Мюнхений сэлгээнд сууж байв. Харин төвийн шугаманд Тиаго, Коутиньо, Горетзка, Толиссо, Мюллер, Киммих гээд урт нэрсийн дараалал байсан бол довтолгооны шугаманд Левандовски, Гнабри, Перишич, Коман зэрэг сонголтууд Ханси Фликт байсан.
БАЙЕРН МЮНХЕНИЙ ГАЙХАЛТАЙ ФОРМ ҮРГЭЛЖИЛСЭЭР
Байерн Мюнхен баг шинэ улирлын эхэнд Тиаго, Коутиньо, Перишич зэрэг гол тоглогчдоо явуулж, тэдний үлдээсэн орон зайг нөхөхөөр Лерой Сане, Дуглас Кошта, Александр Нюбел, Марк Рока зэрэг тоглогчдыг авчирсан. Багтаа багахан шинэчлэл хийсэн ч тэдний өмнөх улирлын өндөр форм үргэлжилсээр байна. Ялангуяа Роберт Левандовски одоогоор 28 тоглолтонд 29 гоол, Томас Мюллер 31 тоглолтонд 13 гоол тус тус оруулаад байна. Гарааны бүрэлдэхүүн багахан өөрчлөгдсөн ч Ханси Фликийн тоглолтын үндсэн арга барил байгаа учир шинэ тоглогчид багт хурдан уусч чадаж байгаа нь онцлог. Сүүлд гарсан мэдээллээр Байерн Мюнхен багийн гол тоглогчдын нэг Давид Алаба гэрээгээ сунгалгүй, багаа орхино гэжээ. Энэ яриа ч үнэний ортой юм шиг саяхан Байерн Мюнхений удирдлагууд 22 настай Дайот Упамекано хэмээх төвийн хамгаалагч залууг 42.5 сая еврогоор РБ Лейпциг багаас худалдан авснаа зарлав. Магадгүй ирэх улирал Давид Алабагийн оронд Дайот Упамекано гараанд гарч болзошгүй юм.
Холбоотой мэдээ