Хувьсах зардлаас илүүтэй шийдэх асуудал их байна

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хувьсах зардлаас илүүтэй шийдэх асуудал их байна

Хувьсах зардлаас илүүтэй шийдэх асуудал их байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн өндөр төлбөртэй хувийн сургуулиудад төсвөөс өгдөг хувьсах зардлыг ирэх сараас олгохгүй гэсэн шийдвэр хүмүүсийг талцууллаа. Ямар ч эцэг эх үр хүүхдээ өөрсдөөсөө илүү сайн сайхан амьдраасай гэж хүсдэг, энэ хүслийг нь биелүүлэх суурь дэвсгэр нь боловсролтой болгох.

Хувьсах зардал гэдэг нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангид суралцагч хүүхэд бүрт төсвөөс олгогддог зардал. Хувийн сургуулиудад төсвөөс хувьсах зардал олгохгүй байх ёстой гэсэн маргаан дэгдээд хэдэн жил болж байгаа ч албан боловсрол эзэмшиж байгаа хүүхэд бүрт төрөөс хувьсах зардал олгох хуулийн зохицуулалттай.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын хэлснээр  өнөөдөр Улаанбаатар хотод таван сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байна. Эдгээрээс 10 саяас дээш төлбөртэй хувийн сургуулиудад олгох хувьсах зардлыг өгөхгүй байхаар шинэ сайд төлөвлөж байгаа ажээ. Сайдын энэхүү мэдэгдэл нийгэмд байсан хувийн сургуулийн муусайн баячууд, улсын сургуулийн хөөрхий борчуул гэсэн хандлагыг дахин дэврээв.

Хувийн сургуульд хүүхдээ сургах сонголтыг хийж байгаа эцэг эх мөнгө нь илүүдсэндээ тийм сонголт хийгээгүй. Хүүхдийнхээ ирээдүйг бодож л сонголт хийж байгаа. Хувийн сургуулийг сонгож байгаа хамгийн гол шалтгаан бол суралцах орчин нь сургалтын чанарт шууд нөлөөлж байгаа явдал. Нэг ангид цөөн тооны буюу 15-20 хүүхэд хүүхэд суралцаж байгаа учраас багш суралцагч бүрт хүрч ажиллах боломжтой. Нэг ангид суралцагч хүүхдийн тоо цөөн байгаа нь хүүхэд сургууль дээр байх хугацаандаа агаар сэлгэлт сайтай, саруул, цөөн ширээтэй ангид хичээллэнэ гэсэн үг. Нэг ангид 60 хүүхэд амьсгалах, 20 хүүхэд амьсгалах ямар их ялгаатай нь ойлгомжтой.

Мөн хувийн сургуулиудад багш-суралцагч, багш-эцэг эхийн уян хатан харилцаа холбоо үйлчилдэг. Өглөө хүүхдээ хүргэж өгөөд орой авах боломжийг бүрдүүлж өгч байгаа нь ажилтай аав, ээжүүдэд санаа амар ажиллах боломж олгож байгаа учраас энэ давуу байдлын төлөө мөнгө төлөхийг илүүд үзэж байна.

Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боловсролын салбараа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд давхар дээл өмсүүлэн хариуцуулах болсонд олон хүн олзуурхсан. MCS компаниас угшилтай Л.Энх-Амгалан гишүүний улс төр бүтээсэн дүр төрх энэ салбарыг зөв замд оруулах найдварыг төрүүлсэн. Нийгмийн суурь болсон хүнийг “бүтээдэг” боловсролын салбар шинэ цагийн шаардлагыг хангаж чадахаа байж, дампуурчихаад байгаа нь үнэн. Бүх шатны боловсролын байгууллагын чанар муу байгааг хүн болгон шүүмжилж байна. Нийгмийн ирээдүйг бэлтгэж байгаа багш нарын мэдлэг, чадварын асуудал онцгой анхаарал татаж байгаа. Цар тахлын үе таарч төсвөө боломжоороо танах нь салбар бүрт л тохиолдож байгаа асуудал. Найман сургуулийн хувьсах зардлыг хаслаа гээд боловсролын салбарын төсөвт дориун нэмэр болно гэдэг эргэлзээтэй. Боловсрлын сайдын энэ төлөвлөгөө мөнгөтэй хүн муу, ядуу хүн сайн гэсэн нийгмийн хагарлыг дэвэргэхээс цаашгүй. Харин багш бэлтгэх тогтолцоог эргэн харж, чанартай сайн багш нарыг бэлтгэх нь хамгийн тулгамдсан асуудал. Ур чадвартай багш нарыг хувийн сургуулиуд аль хэдийнэ урвуулаад аваад явчихсан. МУБИС-ийн элсэлтийн босго оноог харахад л ирээдүйн багш болж байгаа хүмүүс сурагчдынхаа оюуны эрэлт хэрэгцээг хангаж чадахааргүй ангал харагдаад удаж байна.

Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгын хүрээнд заахаас илүү ихэд тэмүүлэх хүсэл зоригийг нь бадраах оюуны багтаамжтай багш нар одоо үеийн хүүхдүүдэд хэрэгтэй.

Боловсролын салбарын санхүүжилтийг төгсөгчдийн чанарын үр дүнтэй уях цаг нь болсон. Төгссөн оюутнууд нь хөдөлмөрийн зах зээлд хэр шингэснээр их, дээд сургуулиудыг ангилах санаачилгыг С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын гишүүд гаргаад УИХ дахь их, дээд сургуультай гишүүдийн лоббид дарагдан замхарч байсныг санаж байна. Хэчнээн сурагч, оюутан сургаснаар нь биш сургасан хүүхдүүдийнх нь мэдлэг, чадвар Монголын нийгэмд хэр өгөөжтэй байгаагаар нь дүгнэж байж бие биенээ хуурахгүй сэтгэл амар амьдрах боломжтой болно. Төр өгсөн мөнгөндөө ханамжтай, их, дээд сургуулийн багш нар нь оюутнууддаа ханамжтай, төгссөний дараа тосоод авсан ажил олгогчид ханамжтай гэсэн үг. Гурван сая гаруй монголчуудад дэндүү олдох их, дээд сургуулийн дипломыг жил бүр тараасаар.

Боловсролын чанарыг дэлхийн ихэнх улс орон дараах гол хэмжүүрээр хэмжиж байна. Нэгд, бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан байдал, хоёрт, математик болон тооцоолох ухаанд суралцсан байдал, гуравт, шинжлэх ухааны наад захын ойлголттой байх.

Энэ хэмжүүрээр авч үзвэл сүүлийн хоёр хэмжүүрт тохирох төгсөгчдийг Монголын боловсролын салбар бэлтгэж чадаж байна уу гээд өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Монгол Улсад баригдах газрын тосны үйлдвэрт хэрэгцээтэй инженер бэлтгэх зорилгоор зар тараахад маш цөөн залуус сонирхсон, сонирхоод ирсэн нь тэнцэхээргүй байсан тухай харамсалтай яриаг сонссон.

Хувийн сургуулиуд боловсролын салбарт тэгш бус байдлыг бий болгож, хүүхдүүдэд муу нөлөө үзүүлж байгааг дөвийлгөн ярих хүмүүс бас байна. Үр хүүхдээ боловсролтой болгох хүсэлтэй эцэг эхийг ийм сонголт хийхэд хүргэсэн нийгмийн тэгш бус байдал эхлээд алга болох ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд задарсан МАН-ын гишүүн байж БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан гэсэн зар бол энэхүү тэгш бус байдлын тод жишээ юм. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ бол ташаа мэдээлэл гэж залруулсан ч улс төрийн харьяаллаар ардын хүүхдүүдийг ангилж, давуу боломж олгож байгааг баталсан. Гаднын улсын Засгийн газрын тэтгэлгийг салбарын яам нь биш, Засгийн газар нь ч биш улс төрийн нам мэдэж байгаа нь жинхэнэ тэгш бус байдал. Хувьсах зардлаас илүүтэй энэ тэгш бус байдлыг цэгцлээсэй.

Төсөв хэмнэх нь төсөв захиран зарцуулагч нарын үүрэг мөн боловч бидний хүүхдийг мэдлэг, чадвартай, өнөө цагийн шаардлагыг хангасан боловсролтой болгох орчин бүрдүүлнэ гэвэл татвар төлөгч эцэг эх хэчнээн өндөр татвар байсан ч төлөхөд бэлэн байгаа. Косметик засвар биш углуургыг нь хөндсөн өөрчлөлт, шинэчлэл боловсролын салбарт хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
7
БурууБуруу
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж