Хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг энэ сарын 16-наас үе шаттай нээх талаар албаныхан мэдээлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Түүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар юм. Хатуу хөл хорионы үед хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд жижиг дэлгүүрт түгээдэг бөөний худалдааны төвийг нээхээр болсон билээ.
Иргэд зөвхөн гэрийнхээ ойр хүнсний дэлгүүрээс хүнсээ авах бол бөөний төвүүд тухайн хүнсний дэлгүүрүүдэд тасралтгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй ажиллана.
Хатуу хөл хорио тогтоох талаар долоо хоногийн өмнө зарласан тул хүнсний дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ нөөцөлсөн байна. Тэгвэл маргааш буюу хоёрдугаар сарын 16-наас 24 бөөний төв ажиллаж эхэлнэ. Цаашдаа энэ сарын 16-24-ний өдрийг хүртэл үе шаттай 49 худалдааны төв, 597 хүнсний үйлдвэр нээгдэнэ гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар мэдээлсэн.
“МАРГААШ 24 ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ”
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс тодрууллаа. Тэрбээр “Одоогийн байдлаар 49 худалдааны төв, зах хаалттай байгаа. Эдгээрээс 24 зах нь хоёрдугаар сарын 16-нд, энэ сарын 17-нд 10, 18-нд 5, 19-нд2, 20-нд 4, 21-нд 1, 24-нд 3 зах 07.00-22.00 цагийн хуваарийн дагуу ажиллана.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн тав хоног амраад ажиллаж байгаа зах, худалдааны төвүүдийн мэйл хаягаар хоёрдугаар сарын 13-нд мэдэгдэл хүргүүлсэн. Эдгээр зах, худалдааны төвүүд үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай. Бид урьдчилж мэдэгдэл хүргүүлсэн ч хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах магадлалтай. Тийм учраас мэргэжлийн хяналтын газрын 200 орчим улсын байцаагч энэ сарын 16-наас эхлэн хуваарийн дагуу хяналт тавьж ажиллана” гэв.
“ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАЖ, ТҮГЭЭЛТИЙГ ЗОГСООГООГҮЙ”
НМХГ-ын Хүнсний үйлдвэрлэл хариуцсан улсын ахлах байцаагч Д.Сарантуяа:
-Хатуу хөл хорионы үед хүнсний үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Улаанбаатарт нийт 700 гаруй хүнсний үйлдвэр бий. Үүний 30 орчим хувь нь буюу бууз, банш, экспортын мах, зайрмаг, хэвийн боов, хэрчсэн гурилын үйлдвэрүүд улирлын чанартай ажилладаг юм. Харин бусад чиглэлийн хүнсний үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа. Энэ долоо хоногоос 597 хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг ойлгохгүй байгаа.
Улсын онцгой комиссын шийдвэрээр хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдааны салбар хатуу хөл хорионы хязгаарлалтад хамаарахгүй 14 чиглэлийн байгууллагад багтсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрийг үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг шаардлага тавьж, зогсоогоогүй.
Цөөн тооны үйлдвэр сар шинийн баярын амралтаар түр зогссон. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж болохгүй гэдэг шаардлага тавиагүй. Хүнсний үйлдвэрүүд рүү утсаар холбогдож асуухаар “Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэсэн хариуг өгсөн.
ТАНИЛЦ: МАРГААШНААС АЖИЛЛАХ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД:
Холбоотой мэдээ