Хэрэв Европын холбооноос дахин ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авбал харилцаагаа таслахад бэлэн байна хэмээн Москва мэдэгджээ. Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг шоронд хорьсноос үүдэн ОХУ болон Барууны орнуудын харилцаа хүйтэн дайны үеийн хэмжээнд хүрч муудаад байгаа юм. Европын гурван дипломатын мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины холбоотнуудын хөрөнгийг царцаах, хилийн хориг тавихаар Европын холбооноос төлөвлөж байгаа аж.
ОХУ нь өнгөрсөн долоо хоногт Герман, Польш, Шведийн дипломатуудыг Европын холбооны гадаад хэргийн сайдад мэдэгдэлгүй эх орноосоо хөөн гаргасан нь хоёр талын харилцааг хурцатгажээ. Энэ үйл явдал Европын холбооны гадаад хэргийн сайдын Москва дахь айлчлалтай давхцсан аж. Улмаар энэ хэрэгт хариу арга хэмжээг авах ёстой хэмээн Франц, Германы талаас мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров яамны цахим хуудсандаа өнгөрсөн Баасан гаригт нийтэлсэн ярилцлагадаа "Европын холбоо нь ОХУ-ын эдийн засгийг эрсдэлд оруулах салбар болон хамгийн эмзэг бүтцүүдийн эсрэг хориг авбал бид харилцаагаа таслахад бэлэн байна. Бид олон улсаас өөрсдийгөө тусгаарлахыг хүсэхгүй байгаа ч шаардлагатай бол тэгнэ. Хэрэв чи энх тайвныг хүсч байгаа бол дайнд бэлэн байх хэрэгтэй" хэмээн ярьсан байна.
Германы Гадаад хэргийн сайд Лавровын мэдэгдлийг санаа зовоосон, ойлгомжгүй мэдэгдэл хийлээ хэмээн мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS