Амиа хорлолт үндэсний хэмжээний асуудал болсон Япон улс Ганцаардалтай тэмцэх яамтай болж, Бүс нутгийн хөгжлийн сайдын албыг хашиж буй Тэцүши Сакамотог сайдаар томилжээ. Тэрбээр дээрх хоёр албан тушаалыг давхар хашихаар болж байна.
Сүүлийн үед тус улсад төрөлт багасч, хөгширөлт улам нэмэгдэхийн зэрэгцээ хүн амын сэтгэл зүйн асуудал, тэр дундаа нийгэм эдийн засгийн асуудлаас үүссэн сэтгэл гутрал, нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэг, амиа хорлолт газар авч байгаа юм. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд амиа хорлох нь ихэссэн.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорио энэ байдлыг улам даамжруулж, хүмүүс илүү их стресст орж, ганцаардах болсон байна. Японд өнгөрсөн 2020 онд амиа хорлосон хүмүүсийн тоо сүүлийн 11 жилийн түүхэнд анх удаа 20 мянга давжээ. Иймээс Японы Засгийн газар ганцаардалтай тэмцэхэд онцгой анхаарч эхэлж байгаа нь энэ аж.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар Япон улс нь дэлхийд тэргүүлэгч “Их 7”-ийн бүлгийн орнуудаас амиа хорлолт хамгийн өндөр буюу 100 мянган хүн тутамд 14,9 хүн амиа хорлодог үзүүлэлтээр тэргүүлж байна. Эдгээр нас баралтын дийлэнх хувийг эрүүл мэнд, эдийн засгийн асуудалтай холбон тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: Asia Nikkei
Холбоотой мэдээ