Түймрийг хиймэл дагуулаар илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Түймрийг хиймэл дагуулаар илрүүлжээ

Он гарсаар улсын хэмжээнд дөрвөн аймгийн есөн суманд 11 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Тухайлбал Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Матад, Сүхбаатар  аймгийн Наран, Дарьганга, Хэнтий аймгийн Биндэр зэрэг сум, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын ам зэрэг газруудад ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас хоёр га ой, 39 мянга 350 га хээр, нийт 39 мянга 352 га талбай түймэрт өртжээ. Мөн  хоёр айлын гэр, хоёр өвөлжөө шатаж, 40 тооны бог мал өртсөн байх юм. Урин цаг ирж, гадаа дулаарч зүүн болон төвийн аймгуудад цас хайлж хуурайшилт нэмэгдэх болжээ. Энэ нь ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцлийг бүрдүүлж байна. Иймээс шаардлагагүй бол ой, хээрийн бүсээр иргэд аялж, зугаалж, зорчихгүй байх. Мөн хуулиар хориглосон хугацаанд ан хийхгүй байхыг Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас анхаарууллаа.

Сүүлийн үед орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бугын эвэр, чив сүүл авна гэсэн зар ихээр явах болсон. Энэ нь  иргэдийн ой, хээрт зорчих хөдөлгөөн олширч, түймэр гарах магадлалыг ихэсгэж байна гэж салбарын яам нь үзжээ.

-Ус, цаг уур орчны мэдээлэл судалгааны хүрээлэнгээс  сансрын хиймэл дагуулын зургаар долоон удаагийн түймрийг илрүүлж, цаг уурын нөхцлөөр өдөр тутмын түймрийн аюултай хуурайшилтын зэргийг тогтоож ОБЕГ болон бусад холбогдох газруудад дамжуулж буй юм.  Мөн цаг агаарт зориудаар нөлөөлж, шаардлагатай тохиолдолд хур тунадас түргэн шуурхай оруулахаар холбогдох техникүүдийг бүгдийг нь бэлджээ.

Д.УУДАМ

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж