Монголчууд минь хичээгээрэй

Хуучирсан мэдээ: 2021.02.13-нд нийтлэгдсэн

Монголчууд минь хичээгээрэй

Монголчууд минь хичээгээрэй

Цар тахалтай тул монгол түмэн төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн, сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, аав, ээж, ах дүүстэйгээ цахимаар золголт хийн өнгөрүүлж байна.

Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр хатуу хөл хорио хоёрдугаар сарын 23-ний 06.00 цаг хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд нийслэлчүүдийн амжуулах ажил нь шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, Covid-19 цар тахлыг хяналтад оруулах боломжоор хангаж өгөх.

Одоогоор шинжилгээнд  80 мянга гаруй иргэн хамрагдсан нь дөрөвний нэг хувь нь шинжилгээ өгсөн гэсэн үг юм.

Хэрэв энэ хурдаар шинжилгээг хийвэл зургаан өдөрт багтаан дуусгах боломж байна.

Эцсийн зорилго нь хүн амынхаа эрүүл мэндийг цар тахлаас хамгаалахын зэрэгцээ ажил, бизнесийг хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангах явдал юм.

Учир нь Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цар тахлыг дотоодод алдсанаас хойш хэд, хэдэн удаагийн арга хэмжээ авч буйн хоёр дахь  хатуу хөл хорионы дэглэм энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Хөл хорионы улмаас бизнесүүд таг зогссоноор хувийн хэвшлүүд зээлээ, түрээсээ хэрхэн барагдуулах вэ, ажилтнуудынхаа цалинг яаж олгох вэ гэдэг асуудалтай тулсан.

Өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулж ирсэн иргэд ч хүндхэн байдалд орсон.  Үндсэндээ хоёр сар гаруйн хугацаанд бизнес таг зогссон гэж хэлж  болно.

Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор арван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан. Эл хөтөлбөр нь халамжийг бус ажлын байрыг хамгаалах, шинээр бий болгоход зориулагдана.

Тодруулж хэлбэл, энэ удаагийн вакцинжуулалт эдийн засгийг сэргээх арван их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь бэлтгэлийг  хангаж байна гэж ойлгож болох юм.

Хэдийгээр арван их наяд төгрөг нь хаана байна вэ гэдэг асуудлууд хөвөрч буй ч тодорхой зохицуулалт хийхээ Ерөнхий сайд болон Сангийн сайд нар мэдэгдээд буй.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ чиглэлийн 100 төслийг бид зарлана. Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт улсын төсвөөс мөнгө гарахгүй бөгөөд зөвхөн зохицуулалтууд хийгдэнэ. Ихэнх нь Монголбанкны эх үүсвэр, баялгаа зөв зохистой ашиглах менежментүүд юм. Төсвийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлж байна. Тэр дундаа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цалин хангамж болон бусад асуудлаар хэмнэж болох эцсийн цэг дээр аваачна. Үүнээс гарч байгаа мөнгөн урсгалыг өөрсдийн гаргасан төлөвлөгөө рүү оруулна" хэмээн мэдэгдсэн юм.

Харин Сангийн сайд Б.Жавхлан ”2020-2021 оны төсөв 4,1 их наяд төгрөгийн ачаалал авч байна. Цар тахлын хүнд цаг үед 4,1 их наяд төгрөг бол төсөвт ахадсан ачаалал. Цаашдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Сovid-19-ийн эсрэг авах арга хэмжээнд зарцуулах төсөв нь дунд болон урт хугацааны төлөвлөлт хийж мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг уялдуулж явна. Тиймээс өнөөдөр бид төсвийн бодлого, хувийн хэвшлийн оролцоо, Төв банкны мөнгөний хэрэгсэл гэсэн хавсарсан төлөвлөгөөг танилцуулж байна. Засгийн газар эдийн засгаа дэмжих хүрээнд томоохон төслүүдээ ойрын хугацаанд эхлүүлнэ. Ялангуяа ажлын байрыг хамгаалах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцтай, тогтмол орлоготой байх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Цар тахлаас өмнө 810 мянган ажлын байр байсан үүнээс 68 мянган ажлын байрыг цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр алдсан. Цаашид энэ байдлаар үргэлжлээд явбал энэ оны гуравдугаар улирал гэхэд бид 210 мянган ажлын байраа алдах тооцоолол хийгдсэн. Тийм учраас ажлын байрыг хадгалж үлдэх, эрсдэлтэй ААН-үүдийг төрөөс дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, зээлийн шалгуурыг бууруулна. Ипотекийн 8 хувийн зээл 6 хувь руу шилжсэнээр хамгийн өндөр зээл олголт хийгдсэн. Зөвхөн арванхоёрдугаар сард 1200 гэрээ хийгдэж 95 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон байна. Ипотекийн зээл нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой учраас цаашид зээлийн шалгуурыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Мөнгөний нийлүүлэлтийн тухайд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай үе ирж байна. Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 70 хувьд гарч байсан бол одоо энэ үзүүлэлт 15 хувьтай гарч байгаа. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд аваачих, ДНБ-ний хэвийн өсөлтийг хангахын тулд 5-7 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлтийг эдийн засаг руу зайлшгүй хийх орон зай, шаардлага үүссэн. Гэхдээ эдийн засгийн зөв сувгаар буюу банкуудаар дамжуулж эдийн засаг руу оруулна. Дараа нь орлого бий болгодог ийм сектор луу оруулна. Түүнээс халамж, хэрэглээгээр оруулж болохгүй. Энэ Засгийн газар халамжийн бодлогоос бүтээмжийн бодлого руу шилжинэ гэж зарласан” юм.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж