Төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаатай холбоотой гомдол өчигдөр нийгмийн сүлжээгээр их гарсан. Эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйг эргүүлд гаргасан нь зохисгүй асуудал хэмээн нийгэм даяараа шуугисан юм.
Эмэгтэй алба хаагчид өнөөдрөөс эргүүлд гарахгүй болжээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.МӨНГӨНШАГАЙ:
-Өчигдөр өгсөн үүргийн дагуу ЦЕГ болон дүүргийн Засаг дарга нар руу албан бичиг явуулсан. Үүний үр дүнд төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон. Мөн нийт эргүүлүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 08:00-14.00, 14:00-20:00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон.
Төрийн албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдол мөн ирсэн. Үүнийг зогсоосон. Бие засах газар, халуун хоол ундаар үйлчлэхгүй байна гэсэн гомдлын дагуу Хот тохижилтын газар руу чиглэл өгч, эргүүлд гарч байгаа алба хаагчдад нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газар үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалт хийсэн. Өчигдөр 16:00 цагаас эдгээр газрууд ажиллаж эхэлсэн. Өдөр бүр 10:00-19:00 цаг хүртэл ажиллана.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ