Шуурганд нурсан барилгууд газар хөдлөлтөд тэсэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Шуурганд нурсан барилгууд газар хөдлөлтөд тэсэх үү?

Өнөө өглөөхөн манай сурвалжлагч нийслэлд “Зуурдын настай 150 барилга” сурвалжлагыг бэлтгэн нийтэлсэн. Зуурдын настайд тооцогдсон барилгууд бараг бүгдээрээ орон сууцны барилга байгаа ажээ.

Хэдийгээр дахин төлөвлөлтөд багтаагаад ирэх өвлөөс өмнө шинэчилж, сайжруулахаар ажиллаж байгаа ч байгалийн гамшиг бидний алгуурлахыг хүлээхгүй гэдгийг  цаг гаруйн өмнө нийслэлд болсон ширүүн салхи, түр зуурын цасан хялмаа батлаад өглөө. Гэнэт тэнгэр харанхуйлж, шуурснаас болоод нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт байрлах Шөнийн захын гадна фасад нурж унан, шавар шохой нь ховхорсноос тус захын гадна талд тавиатай байсан автомашинууд дээр унасан байна. Үүний улмаас хэд хэдэн машины салхины шил цуурч, толь нь угаараа хугарч унажээ. Захын эзэд хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах нь гарцаагүй.  Тэгвэл хэн хариуцах нь тодорхойгүй барилга байшин нийслэлд цөөн биш. Төр, төсвийн харъяа дээвэр, туургагүй байшин ч олон. Тэдгээрийн гадаа зогсож байгаад хохирсон бол, машин дотор хүн сууж байсан бол хэрхэх байсан бэ гээд бодохоор эрхгүй түгшүүр төрнө. Салхи шуурга төдийд нурж унаж буй байшин газар хөдлөлтөд тэсч үлдэх үү.

Улаанбаатар хотыг газар хөдлөлтийн хамгийн эрсдэлтэй бүсэд байрладаг хэмээн судлаач, шинжээчид тогтоожээ. Тухайлбал, газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзварт Улаанбаатар байрладаг юм байна. Гэтэл нийслэлд 4.5 баллын хүчтэй газар хөдлөхөд л шууд нурах аюултай барилга 100-гаар тогтохгүй бий гэнэ. 1970 оноос өмнө ашиглалтад орж, өдгөө зуурдын л настай болсон 150 барилгын жагсаалт гарчихаад байгаа гэхчилэн мэдээллээс үзэхэд олон хүнд амьд явах баталгаа алга.

Бага насны хүүхдүүдийг хүмүүжүүлж буй цэцэрлэгийн барилгын дээвэр гэмтэж, түүнийг нь хүүхдүүдийн дэргэд зассаар байгаа талаар бид мэдээлсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэг, цэцэрлэгийн барилга дотор хүүхдүүд тоглож, наадан суралцаж байхад гадна талд нь дээврийн засвар  хийсээр байгаа нь Шөнийн захын шавар нурснаас ч илүү аюул дагуулж мэдэхээр байгаа юм. 

Үндсэн хуулиндаа эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхтэй гэдгээ тунхаглачихсан хэрнээ хэзээ ч тохиолдож болох аюул дунд аж төрж байгаагаа та бид огт анзаардаггүй юм байна. Тэр дундаа хүүхдээ хамгаалах онцгой үүрэг эцэг, эх болгонд бий. Сургууль цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хүүхдүүд амарсан зуны улиралд хийж хэрэгжүүлдэг атал ид ачааллын үед засвар хийж байгааг хараад аав, ээж нар нь яаж тайван сууж чадаж байнаа. Барьж, засч буй байшин дотор хүүхдээ орхих нь бүү хэл хажуугаар нь алхуулахаас ч аймаар. Ядаж балчирхан үрсээ эрүүл орчинд өсгөхсөн дөө.

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж